Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

Удирдах Зөвлөлийн захиа

Удирдах Зөвлөлийн захиа

Хайрт ах дүү нартаа:

Нийтэд зориулсан «Харуулын Цамхаг» сэтгүүлийн 2008 оны 1 дүгээр сарын 1-ний дугаараас эхлэн «Итгэлийн жишээ» гэсэн сонирхолтой булан шинээр гардаг болсон. Уг буланд улирал тутамд шинэ өгүүлэл нийтлэгддэг болсонд бид туйлын их баяртай байна.

Уншигчид маань ямар сэтгэгдэлтэй байдгийг сонирхъё. Мартагийн тухай бичсэн өгүүллийг уншсаныхаа дараа нэг эмэгтэй: «Би Мартагийн тухай уншаад инээдээ барьж чадаагүй. Яг л өөрийнхөө тухай уншиж байгаа юм шиг санагдсан. Би үргэлж зочдоо сэтгэлдээ хүртэл дайлж цайлахыг анхаардаг байлаа. Заримдаа бүр зочидтойгоо ярьж хөөрөх ч завгүй байсан» хэмээн бичжээ. Өсвөр насны нэг охин Естерийн тухай уншаад ингэж хэлжээ. «Бид заримдаа хувцас хунар, сүүлийн үеийн загварыг хэтэрхий их анхаардаг. Гоё хувцаслах хэрэгтэй ч хэтрүүлж болохгүй. Дотроо ямар хүн гэдгийг маань Ехова анхаардаг». Мөн Петрийн тухай уншаад сэтгэл нь их хөдөлсөн нэг эмэгтэй: «Би уншиж байгаа үйл явдал дотроо орчихсон байсан. Яг л Петрийн хажууд байгаа юм шиг надад санагдсан. Яаж шаналж байгааг нь ч мэдэрсэн» гэж хэлжээ.

Эдгээр болон өөр олон хүний талархлын үг элч Паулын хэлсэн дараах үгийн үнэнийг баталдаг. «Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм» (Ром 15:4). Тийм ээ, Ехова бидэнд олон чухал зүйлийг сургахын тулд үнэнч хүмүүсийн жишээг Библид бичүүлжээ. Бид үнэнийг мэдээд хэчнээн олон жил болсон ч бай тэднээс сурах юм их бий.

«Итгэлийн жишээ» номыг аль болох хурдан уншихыг та бүхэнд зөвлөе. Гэр бүлийн хичээлээрээ судалбал хүүхдэд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Библи Судлалын цуглаанаар үзэх үед та нэг ч цуглааныг алгасалгүй оролцоорой! Хангалттай цаг гаргаж байгаад сайтар бодож уншаарай. Ургуулан бодох чадвараа сайн ашиглаарай. Библид гардаг үнэнч хүмүүст юу бодогдож, ямар санагдаж байсныг мэдэрч, юу харж байсныг нь харахыг хичээгээрэй. Та тэдний оронд байсан бол ямар шийдвэр гаргаж, юу хийх байснаа төсөөлөн бодоорой.

Энэ сайхан номыг та бүхний хүртээл болгож байгаадаа бид их баяртай байна. Та болон танай гэр бүл энэхүү номны үр шимийг бүрэн дүүрэн хүртэх болтугай! Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Бид та нартаа хайртай!

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл