Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 ТАВДУГААР БҮЛЭГ

«Онцгой сайн эмэгтэй»

«Онцгой сайн эмэгтэй»

1, 2. а) Рут юу хийсэн бэ? б) Рут Мосегийн хууль, израйлчуудын талаар юу олж мэдсэн бэ?

РУТ өдөржин түүгээд овоолсон арвайнхаа өмнө өвдөглөн суув. Бетлехемд харуй бүрий болж, тариа хадагчид ажлаа дуусгаад хот руу явж байв. Рут өглөөнөөс үдэш хүртэл ажилласан тул ихэд ядарчээ. Гэлээ ч саваагаар арвайгаа цайруулж эхлэв. Хэчнээн ядарсан ч сэтгэл өег байлаа. Бодож байснаас нь сайхан өдөр болсон болохоор тэр.

2 Бүх юм ийм хурдан сайнаар эргэсэн гэж үү? Өмнөх бүлэгт үзсэнээр, Рут хадам ээж Наомигаа хэзээ ч орхихгүй гэж амлан, Наомийн Бурхан Еховаг шүтэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Рут хадам ээжтэйгээ Моабаас Бетлехемд иржээ. Еховагийн ард түмэндээ өгсөн Мосегийн хуульд ядуус болон харь хүмүүсийн сайн сайхныг бодсон заалт байдгийг мэдэж авчээ. Уг хуулийг сахидаг, сайхан сэтгэлтэй израйлчуудыг хараад сэтгэл нь уужрав.

3, 4. а) Боаз Рутийг юу гэж магтсан бэ? б) Эдийн засаг хямарсан өнөөгийн нийгэмд амьдардаг бидэнд Рутийн жишээ ямар ач тустай вэ?

3 Рутийг талбайдаа ажиллуулсан, баян чинээлэг Боаз бол Мосегийн хуулийг сахидаг, сайхан сэтгэлтэй хүн ажээ. Нас ахисан тэрээр Рутэд аав шиг нь ханджээ. Наомиг үнэнчээр хайрласныг, жинхэнэ Бурхан Еховагийн «далавчин дор» хоргодсоныг нь магтсан. Рут Боазын хэлсэн магтаалын үгийг бодоод дотроо баярлав (Рут 2:11–14-ийг уншина).

4 Гэхдээ Рут нөхөр хүүхэдгүй, ядуу тарчиг учраас ирээдүйдээ санаа зовж байсан байх. Өөрийгөө, хадам ээжийгээ цаашдаа яаж тэжээх вэ? Түрүү түүж голоо зогоогоод байж чадах болов уу? Насны эцэст намайг хэн тэжээх вэ? Рутэд ийм бодол төрж байсан биз ээ. Эдийн  засаг хямарсан өнөөгийн нийгэмд Рутийн адилаар санаа зовдог хүн олон бий. Рут бат итгэлтэй байсныхаа үрээр хүнд хэцүү үеийг даван туулсан. Түүнийг яаж дуурайж болохыг мэдэж авъя.

Гэр бүл гэж юу вэ?

5, 6. а) Боазын талбайд ажилласан Рутийн эхний өдөр ямар байсан бэ? б) Рутийг хараад Наоми яасан бэ?

5 Рут бөөгнүүлсэн арвайгаа цайруулахад нэг ефа буюу 14 килограмм болов. Тэгээд тариагаа даавуунд боож толгой дээрээ тавиад гэр лүүгээ явлаа. Бетлехемд нар жаргасан байв (Рут 2:17).

6 Хайртай бэрээ ирэхэд Наоми баярлажээ. Авчирсан арвайг нь хараад гайхав. Бас хоол авчирсан байлаа. Боаз ажилчдынхаа хоолноос өгөхөд Рут бараагүй аж. Тэгээд тэр хоёр, хоолоо идэхээр суув. Наоми: «Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг ажигласан тэр хүн ерөөгдөх болтугай» гэлээ (Рут 2:19). Тэрээр юмыг бодож тунгаадаг хүн байв. Сайхан сэтгэлтэй хүн санаа тавьсан учраас ийм их арвай цуглуулсныг нь ойлгожээ.

7, 8. а) Боаз сайхан сэтгэл гаргасныг Наоми хэний ач гэж үзсэн бэ? Яагаад? б) Рут хадам ээждээ үнэнч хайраа хэрхэн илэрхийлсээр байсан бэ?

7 Боаз гэдэг хүн сайхан сэтгэл гаргасныг Рут Наомид ярьж өглөө. Сэтгэл нь хөдөлсөн Наоми: «Эзэн түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй» гэв (Рут 2:20). Үнэн хэрэгтээ Ехова сайхан сэтгэл гаргасныг Наоми төвөггүй ойлгожээ. Ехова өгөөмөр байхыг үйлчлэгчдэдээ уриалаад зогсохгүй сайхан сэтгэл гаргавал ивээхээ амладаг * (Сургаалт үгс 19:17-г уншина).

8 Рут Боазын зөвлөгөөг хадам ээждээ хэлжээ. Тэр нь Наомид таалагдсан тул «Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд хор учруулах вий» гэлээ.  Рут дуулгавартай байж «Боазын шивэгчдийн дэргэдээс холдсонгүй». Бас «хадам эхтэйгээ хамт амьдрав» (Рут 2:22, 23). Тэгэхээр Рут үнэнч хайр хэмээх сэтгэл татам зан чанарыг илэрхийлсээр байжээ. Бид өөрсдөөсөө «Би гэр бүлийнхнээ үнэлж эрхэмлэдэг үү? Хайртай хүмүүстээ үнэнч байж, хэрэгтэй үед нь тусламжийн гараа сунгадаг уу?» гэж асуух хэрэгтэй. Тэднийгээ үнэнчээр хайрладгийг маань Ехова үргэлж харж байдаг.

Гэр бүлдээ сэтгэл хангалуун байхын чухлыг Рут Наоми хоёрын жишээ харуулдаг

9. Рут Наоми хоёрын жишээнээс гэр бүлийн талаар юу мэдэж болох вэ?

9 Рут Наоми хоёрыг гэр бүл гэж үзэж болох уу? Эцэг эх, үр хүүхэд, өвөө эмээгийн хэн нэг нь байхгүй бол гэр бүл гэж үзэх аргагүй гэж зарим хүн боддог. Гэхдээ Рут Наоми хоёрын жишээнээс нэг чухал зүйлийг мэдэж болно. Элэг бүтэн биш ч бие биетэйгээ дотно байж, нэг нэгнээ хайрлан халамжилдаг бол гэр бүл гэж үзэж болно. Та гэр бүлдээ сэтгэл хангалуун байдаг уу? Гэрийнхнээсээ орь ганцаараа үлдсэн хүнд ч хурлынх нь гишүүд нь гэр бүл болдгийг Есүс хэлжээ (Марк 10:29, 30).

Рут Наоми хоёр бие биедээ өмөг түшиг болж, урам зориг хайрладаг байсан

«Өвийг золин авах эрх бүхий хамаатны нэг»

10. Наоми Рутийн төлөө юу хийхийг хүссэн бэ?

10 Арвай хураадаг 4 сараас буудай хураадаг 6 сар хүртэл Рут Боазын талбайд ажиллажээ. Өдөр хоног өнгөрөх тусам Наоми хайртай бэрийнхээ төлөө ямар нэг юм хийх юм сан гэж бодох болов. Уг нь Рутэд нөхөр олж өгч чадахгүй гэдгээ Моабт байхдаа хэлсэн (Рут 1:11–13). Гэхдээ одоо найдлага төрсөн учраас «Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү?» гэж Рутэд хэллээ (Рут 3:1). Тухайн үед эцэг эх нь хүүхдэдээ хань ижил олж өгөх заншилтай байв. Рут төрсөн охиноос нь өөрцгүй болсон учраас Наоми түүнд «амрах газар олж» өгөхийг хүсжээ. Өөрөөр хэлбэл халамжлан хамгаалах нөхөр олж өгнө гэсэн үг. Наоми хэнийг бодож байсан бол?

11, 12. а) Наоми Боазыг «өвийг золин авах эрх бүхий» хүн гэж хэлэхдээ Бурхны хуулийн ямар заалтыг бодож байсан бэ? б) Рут хадам ээжийнхээ зөвлөгөөг сонсоод яахаар болсон бэ?

 11 Рут Боазын тухай анх ярихад Наоми: «Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас өвийг золин авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм» гэжээ (Рут 2:20). Энэ нь юу гэсэн үг вэ? Ядарч зүдэрсэн эсвэл тэжээгчээ алдсан хүнийг хайрлаж энэрэх талаар Бурхны хуульд заасан байдаг. Эмэгтэйчүүд хүүхэдгүй бэлэвсэрч хоцорвол нөхрийнх нь үр удам тасарч, нэр нь мартагддаг тул их шаналдаг байв. Гэхдээ Бурхны хуульд зааснаар, нөхрийнх нь төрсөн ах эсвэл дүү тэр эмэгтэйтэй гэрлэж болдог байлаа. Ингэж үр удмыг нь тасрахаас сэргийлж, өв хөрөнгийг нь хамгаалдаг байв * (Д.хууль 25:5–7).

12 Наоми бодсон юмаа Рутэд ярьж өгөв. Рут мэл гайхсан биз ээ. Тэрээр израйлчуудын хууль журам, ёс заншилтай одоо ч бүрэн танилцаж амжаагүй яваа. Гэлээ ч Наомиг гүнээ хүндэлдэг байсан болохоор яриаг нь таслалгүй сонсжээ. Хадам ээжийнх нь хийлгэх гэж буй зүйл эвгүй, ичмээр, бүр гутамшигтай ч санагдсан байж мэднэ. Гэхдээ  Рут зөвшөөрч «Таны хэлсэн бүгдийг би хийнэ» гэжээ (Рут 3:5).

13. Настай хүний зөвлөгөөг сонссон Рутээс юу сурах вэ?

13 Ахмад, туршлагатай хүний зөвлөгөөг сонсох нь залуучуудад заримдаа амаргүй байдаг. Яагаад гэвэл өөрт нь тулгардаг бэрхшээлийг настай хүмүүс ойлгодоггүй гэж боддог. Рут даруу байсан нь хүүхэд залууст дуурайвал зохих жишээ болдог. Чамд хайртай, чамайг гэсэн сэтгэлтэй ахмадуудын мэргэн зөвлөгөөг сонсвол ивээл хүртэнэ (Дуулал 71:17, 18-ыг уншина). Наоми бэрдээ юу гэж зөвлөсөн юм бол? Рут зөвлөгөөг нь дагаад ивээл хүртсэн үү?

Рут үтрэм дээр очсон нь

14. Үтрэм гэж юу вэ? Тэнд юу хийдэг вэ?

14 Рут тэр оройдоо үтрэм дээр очлоо. Энэ нь тариа цайруулдаг талбай юм. Оройн цагаар салхи хүчтэй салхилдаг уулын бэлд эсвэл толгод дээр байдаг байв. Тариаланчид тарианы аага хальсыг салхинд хийсгэхийн тулд үр тариаг том хутгуур юм уу хүрзээр дээш нь шидэхэд тариа нь үтрэмд унаж, хальс нь салхинд хийсдэг ажээ.

15, 16. а) Боаз ажлаа дуусгаад яасан бэ? б) Рут хөл хавьд нь хэвтэж байгааг Боаз яаж мэдсэн бэ?

15 Рут тариаланчдыг ажлаа дуусгахыг хүлээж байлаа. Боаз тариа цайруулж буй ажилчдаа хариуцаж үтрэмд өнжжээ. Тэрээр цадталаа идээд овоолоостой тарианыхаа  хажууд хэвтэв. Тэр үед хүмүүс үр тариагаа хулгайч дээрэмчдээс хамгаалж манаж хонодог байсан бололтой. Боаз үтрэмд хонох гэж байгааг Рут ойлгожээ. Хадам ээжийнхээ сэдсэнийг биелүүлэх цаг болов.

16 Рут Боаз руу сэмхэн дөхөж очлоо. Ойртох тусам зүрх нь хүчтэй цохилно. Боаз нам унтаж байлаа. Рут Наомийн хэлсэн ёсоор хучлагыг нь сөхөөд хөлийнх нь хавьд хэвтэв. Тэгээд Боазыг сэрэхийг тэвчээртэй хүлээжээ. Боаз шөнө дунд даарч хөлөө хучих гэж өндийтөл «нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв» (Рут 3:8).

17. Рутийн үйлдлийг зохисгүй гэж дүгнэдэг судлаачид ямар хоёр зүйлийг үл тоомсорлодог вэ?

17 «Чи хэн бэ?» гэж Боазыг асуухад «Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч» гэж хэлжээ (Рут 3:9). Зарим Библи судлаач Рутийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг зохисгүй байсан гэж үздэг. Гэхдээ тэд хоёр чухал зүйлийг үл тоомсорлодог. Нэгдүгээрт, Рут тухайн үеийнхээ ёс заншлыг дагасан. Тийм учраас ёс журамгүй явдал газар авсан өнөө үеийнхний нүдээр харах нь зүйд нийцэхгүй. Хоёрдугаарт, Рут биеэ зөв авч явсныг Боазын хэлсэн үг баталдаг.

Рут цэвэр ариун, хувиа хичээдэггүй эмэгтэй байсан

18. Боаз юу гэж хэлж Рутийг тайвшруулсан бэ? «Эхний энэрэл», «сүүлчийн энэрэл» гэдгээр юуг хэлсэн бэ?

18 Боазыг эелдэг зөөлөн ярихад Рут тайвширчээ. Боаз: «Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа» гэв (Рут 3:10). «Эхний энэрэл» гэдгээр хадам ээжийгээ даган Израйлд ирээд түүнийг тэжээж тэтгэн, үнэнчээр хайрласныг нь хэлжээ. «Сүүлчийн энэрэл» гэдгээр «баян, ядуу залуусын араас» явалгүй, Наомийн болон талийгаач нөхрийнх нь сайн сайхныг бодож, үр удмыг нь залгуулах хүсэлтэйг нь хэлжээ. Бусдыг гэсэн Рутийн сэтгэл Боазын сэтгэлийг хөдөлгөсөн нь дамжиггүй.

19, 20. а) Боаз Руттэй яагаад шууд гэрлээгүй вэ? б) Боаз яаж сайхан сэтгэл гаргасан бэ?

 19 Боаз: «Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ» гэв (Рут 3:11). Тэрээр Руттэй гэрлэх боломж олдсонд баярлажээ. «Ойрын хамаатан» гэж хэлэхэд нь ч гайхсангүй. Гэхдээ Боаз шударга хүн болохоор бүхнийг өөрийнхөө хүссэнээр хийгээгүй. Наомийн нөхөрт «илүү ойрын хамаатан» байдгийг, эхлээд түүнд боломж олгох ёстойгоо Рутэд хэллээ.

Рут бусдад сайхан сэтгэл гаргаж, хүндэлдэг байсан учраас сайн нэртэй болсон

20 Тэгээд үүр цайтал унтаж амрахыг зөвлөжээ. Ингэвэл Рут хүмүүсийн хараанд өртөхгүй байх байлаа. Тэрээр Рутийн болон өөрийнхөө нэрэнд сэв суулгахаас сэргийлж, хүмүүст буруу ойлголт төрүүлэхгүйн тулд ийн зөвлөжээ. Хүсэлтийг нь нааштай хүлээж авсанд Рутийн сэтгэл уужирч, унтахаар хэвтжээ. Үүр цайхаас өмнө босоход нь Боаз нөмрөгт нь их арвай боож өгөв. Рут Бетлехем рүү явлаа (Рут 3:13–15-ыг уншина).

21. Рут яагаад «онцгой сайн эмэгтэй» гэдгээрээ хүмүүст танигдсан бэ? Бид Рутийг яаж дуурайх вэ?

21 Рут Боазын үгийг бодоод дотроо баярлаж явав. «Хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ» гэж Боаз хэлсэн шүү дээ. Еховаг таньж мэдэн түүнд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийсний үрээр сайн нэртэй болсон нь эргэлзээгүй. Бас Наомид сайхан сэтгэл гаргаж, ард түмнийг нь хайрласан учраас таньж мэдэхгүй газар ирж, ёс заншлыг нь дуртайяа дагасан. Бид бас бусдын үзэл бодол, ахуй соёлыг хүндлэх учиртай. Хэрэв тэгдэг бол Рут шиг сайн нэртэй болно.

Рут «амрах газар» олсон нь

22, 23. а) Рутэд өгсөн Боазын бэлэг ямар утгатай байсан байж болох вэ? (Зүүлт үзнэ үү). б) Наоми Рутэд юу гэж зөвлөсөн бэ?

22 Рутийг гэртээ ирэхэд «Охин минь, ямар болов?» гэж Наоми асуув. Бэр нь нөхөрт гарахаар болсон эсэхийг мэдэх гэж тэсэн ядан байлаа. Рут болсон явдлыг хадам ээждээ нэгд нэгэнгүй ярив. Бас Боазын Наомид өгч явуулсан арвайг өгчээ * (Рут 3:16, 17).

 23 Рутийг түрүү түүхээр талбай руу явалгүй, гэртээ өнжихийг Наоми зөвлөжээ. Тэрээр: «Тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй» гэж хэлэв (Рут 3:18).

24, 25. а) Боаз бусдыг хайрладаг, зөв шударга хүн байсан нь юунаас харагддаг вэ? б) Рут ямар ивээл хүртсэн бэ?

24 Наомийн зөв байлаа. Боаз «хотын ахлагчдын» уулздаг дааман хаалга руу очоод «мөнөөх ойрын хамаатныг» иртэл нь хүлээжээ. Руттэй гэрлэн өвийг зольж авах эрхтэйг нь хэлэв. Гэтэл тэр хүн «өөрийнхөө өвийг» сүйрүүлэхгүй гээд татгалзжээ. Тэгэхэд нь Боаз Наомийн нөхөр Елимелехийн хөрөнгийг худалдан аваад Махлоны бэлэвсэн эхнэр Руттэй гэрлэж, өвийг золин авах болсноо гэрчүүдийн өмнө мэдэгдлээ. «Нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд» ийн үйлдэж байгаагаа хэлжээ (Рут 4:1–10). Тэрээр бусдыг хайрладаг, зөв шударга хүн байв.

25 Боаз Руттэй гэрлэжээ. Ехова Рутэд «үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв» гэж Библид бий. Бетлехемийн эмэгтэйчүүд Наомиг ерөөжээ. Бас Рутийг магтаж Наомийн хувьд «долоон хөвгүүнээс ч илүү дээр» гэв. Рутийн төрүүлсэн хүү Давид хааны өвөг эцэг болжээ (Рут 4:11–22). Давид Есүсийн өвөг эцэг болов (Мат. 1:1). *

Ехова Рутийг ивээж Мессиагийн элэнц эх болох хосгүй завшаан өгсөн

26. Рут Наоми хоёрт тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

26 Ехова Рутийг ч, Наомиг ч ивээсэн. Наоми бэрдээ тусалж хүүг нь төрсөн хүү шигээ өсгөжээ. Рут Наоми хоёрт тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ? Гэр бүлээ тэжээхийн тулд хар бор ажлыг гололгүй хийж, ард түмэнтэй нь мөр зэрэгцэн үйлчилдэг хүмүүсийг Ехова нүд салгалгүй харж байдаг. Бас Боаз, Наоми, Рут шиг үнэнч хүмүүсийг үргэлж ивээдэг.

^ д/м 7 Наомийн хэлснийг үзвэл, Ехова амьд сэрүүн төдийгүй нас барсан үйлчлэгчдэдээ «энэрэл үзүүлдэг». Наоми нөхөр, хоёр хүүгээ алдсан. Рут ч нөхрөөсөө хагацсан. Тэд Рут Наоми хоёрын хамгийн хайртай хүмүүс байсан. Хэрэв амьд сэрүүн байсан бол эхнэрүүдээ тэжээж тэтгэх байсан нь лавтай. Тиймээс Ехова, Рут Наоми хоёрт сайхан сэтгэл гаргасан нь тэдэнд ч бас тийн хандсан хэрэг.

^ д/м 11 Бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэх, өв залгамжлах эрхийг юуны түрүүнд нөхрийнх нь төрсөн ах эсвэл дүү, дараа нь хамгийн ойрын хамаатанд олгодог байсан бололтой (Тоол. 27:5–11).

^ д/м 22 «Зургаан хэмжүүр» арвай өгсөн нь ямар учиртай вэ? Зургаан өдөр ажиллаад долоо дахь өдөр нь амардаг шиг Рут бэлэвсэн эмэгтэй байхаа больж, сайн нөхөр, сайхан гэр оронтой болохыг бэлгэдсэн бололтой. Эсвэл Рутийн даах хэмжээгээр буюу 6 хүрз арвай өгсөн байж болох юм.

^ д/м 25 Есүсийн угийн бичигт гардаг 5 эмэгтэйн нэг нь Рут юм. Боазын ээж Рахабын нэр ч гардаг (Мат. 1:3, 5, 6, 16). Рут ч, Рахаб ч израйл хүн биш байв.