Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Тэрээр эргэлзээ, айдсаа ялсан

Тэрээр эргэлзээ, айдсаа ялсан

1-3. Петр ямар гайхамшиг үзсэн бэ? Шөнө нь яасан бэ?

ПЕТР завиа сэлүүрдэж, шөнийн харанхуйг ширтэнэ. Зүүнтээд гэгээ бүдэг бадаг орох шиг. Үүр цайж байгаа юм болов уу? Шөнөжингөө сэлүүрдээд дал мөр, ууц нуруу нь хөшиж өвдөнө. Хүчит салхинд Петрийн үс хийсэж, Галил нуурын давалгаа ч ширүүсжээ. Давалгаа ар араасаа ирж, завиных нь хамрыг мөргөхөд ус цацарч завинд яваа хүмүүс дээр бууна. Петр сэлүүрдсээр л байлаа.

Петр нөхөдтэйгөө ингэж яваа бол Есүс эрэг дээр ганцаараа үлджээ. Өдөр нь Есүс өлсөж ядарсан олон мянган хүнийг хэдхэн талх, загасаар хооллохыг элчүүд үзсэн. Тэгэхэд хүмүүс түүнийг хаан болгохоор шийджээ. Харин Есүс улс төрд оролцох бодолгүй байв. Дагалдагчдаа ч тийм байгаасай гэж хүсэж байсан. Тэгээд Есүс олон түмнээс холдож, шавь нараа завинд суулган нөгөө эрэг рүү явуулаад өөрөө залбирахаар уул руу явжээ (Марк 6:35–45; Ёохан 6:14–17-г уншина).

3 Шавь нарыг завинд суухад дүгрэг гэмээр саран чанх дээрээс тусаж байсан бол одоо тэнгэрийн баруун хаяанд шингэх дөхжээ. Гэвч тэд хол явж чадсангүй. Хүчит салхины исгэрээ, ширүүн давалгааны чимээг давж үг солино гэдэг хамаг чадлаараа сэлүүрдэж яваа хүмүүсийн хэрээс хэтэрсэн хэрэг байв. Петр элдвийг бодож яваа бололтой.

2 жилийн хугацаанд Петр Есүсээс ихийг сурсан. Цаашдаа ч сурах юм их байлаа

4. Петрийн юуг дуурайх хэрэгтэй вэ?

4 Бодох юм ч их байсан биз ээ. Петр анх Назарын Есүстэй хоёр жил гаруйн өмнө танилцсан билээ. Энэ хугацаанд Петр их юм үзэж сурсан. Цаашдаа ч сурах юм гарна. Эргэлзээ, айдсаа  ялж чадсан энэ хүн ихийг сурахад бэлэн байсан нь бидэнд үлгэр жишээ болдог. Ингэж хэлэхийн учрыг ярилцъя.

«Бид Мессиаг оллоо»

5, 6. Петр амьдралаа хэрхэн залгуулдаг байсан бэ?

5 Есүстэй уулзсан тэр өдрийг Петр огт мартдаггүй ажээ. Дүү Андрей нь «Бид Мессиаг (орчуулбал «Христийг») оллоо» хэмээн ер бусын мэдээ дуулгадаг. Энэ үгийг сонссон мөчөөс Петрийн амьдрал эрс өөрчлөгдсөн (Ёох. 1:41).

6 Петр цэнгэг уст Галил нуурын хойд эрэгт байх Капернаум хотод амьдарч, Зэбэдейн хоёр хүү Яаков, Ёохан болон дүү Андрейтайгаа загас агнуур эрхэлдэг байв. Петр эхнэр, хадам ээж, дүүтэйгээ цуг амьдардаг. Ар гэрээ тэжээхийн тулд хүч чадал, ур чадвараа дайчлан, махран ажилладаг. Хоёр завинаас тор хаяад загас орохоор нь татаж завин дээр гаргана. Хэдэн загас баригдана, түүнийг л авна. Хэдэн шөнө ийн хөдөлмөрлөсөн бол? Өдөр нь загасаа ялгана, зарж борлуулна, тороо угааж цэвэрлэнэ, засаж сэлбэнэ гээд ажил барагдахгүй.

7. Петр Есүсийн тухай юу сонссон бэ? Яагаад энэ мэдээ онцгой мэдээ байсан бэ?

7 Библид бичсэнийг үзвэл Андрей баптисм хүртээгч Ёоханы шавь байжээ. Ёоханы тунхагладаг мэдээний тухай Петр Андрейгээс дуулдаг байсан нь лавтай. Нэг өдөр Ёохан Назарын Есүсийг зааж, «Бурхны Хургыг харагтун!» гэж хэлэхийг Андрей харжээ. Андрей тэр даруй Есүсийг дагадаг болж, Мессиа иржээ гэдэг сэтгэл хөдөлгөм мэдээг ахдаа дуулгав (Ёох. 1:35–41). 4 000 орчим жилийн өмнө Еденд самуун дэгдэхэд Ехова Бурхан онцгой нэгнийг илгээж, хүн төрөлхтөнд жинхэнэ найдвар хайрлахаа амласан түүхтэй (Эх. 3:15). Андрей чухам энэ нэгэн буюу Мессиатай учирчээ! Петр ч Есүстэй уулзахаар яарлаа.

8. Есүсийн өгсөн Петр гэдэг нэр ямар утгатай вэ? Яагаад зарим хүн энэ нэрийг тохироогүй гэж үздэг вэ?

8 Энэ өдрийг болтол Петр, Симон буюу Симеон гэдэг нэртэй явсан. Гэхдээ Есүс түүнийг хараад «Чи бол Ёоханы хүү Симон, чамайг Кеф (орчуулбал «Петр») гэе» гэж хэлдэг (Ёох. 1:42). Кеф гэдэг нэр үг «хад, «чулуу» гэсэн утгатай. Есүсийн үг бэлгэдлийн утгатай байсан бололтой. Тэрээр Петрийг хад мэт тогтвортой, итгэл нэгтнүүддээ түшигтэй хүн болохыг мэджээ. Харин Петр өөрийгөө тийм хүн гэж бодоо болов уу? Үгүй бололтой. Библи уншдаг орчин үеийн зарим хүнд ч Петр хадтай зүйрлэж болохоор тогтвортой, тууштай хүн биш, харин ч туйлбаргүй,  эргэж буцахдаа амархан, итгэл найдвар хүлээлгэж боломгүй хүн шиг санагддаг ажээ.

9. Ехова Есүс хоёр бидний юуг хардаг вэ? Ехова Есүс хоёр биднийг хамгийн сайн мэддэг гэж яагаад хэлж болох вэ?

9 Петр өөгүй хүн байгаагүй ээ. Есүс ч үүнийг мэдэж байв. Гэхдээ Эцэг Еховагаа дуурайн, цаг үргэлж хүний сайн талыг хардаг байв. Петр олон сайхан чанартайг Есүс мэдэж байсан бөгөөд тэдгээрийг нь хурцалж, илэрхийлж сурахад нь туслахыг хүсжээ. Ехова Есүс хоёр бас бидний сайн талыг олж хардаг. Тэдэнд тоогдохоор сайн юм надад байдаг гэж үү дээ гэж бодогдож болох юм. Гэхдээ Ехова Есүс хоёр биднийг хамгийн сайн мэддэг гэдэгт бид итгэх хэрэгтэй. Бас Петрийг дуурайж, тэднээр заалгах, үзэл бодлоо тэднийхтэй нийцүүлэх хүсэлтэйгээ батлах хэрэгтэй (1 Ёохан 3:19, 20-ийг уншина).

«Айх хэрэггүй»

10. Петр юу үзэж, юу сонссон бэ? Гэвч дараа нь ямар ажил хийх болсон бэ?

10 Петр Есүстэй танилцаад удалгүй түүнийг дагаж сайн мэдээ тунхаглах аянд гарсан бололтой. Тэгэхээр Есүсийг Кана хотод болсон хуримын үеэр усыг дарс болгон хувиргаж анхны гайхамшгаа үйлдэхийг үзсэн байж болох юм. Бурхны Хаант төрийн тухай, итгэл найдвар төрүүлсэн сайхан мэдээг Есүсээс сонссон нь гайхамшиг үйлдэхийг үзэхээс илүү чухал байсан. Гэвч Петр Есүсийг дагахаа болиод загасчны ажилдаа эргээд оржээ. Хэдэн сарын дараа Есүс түүнтэй уулзаад сайн мэдээ тунхаглах ажлыг гол ажлаа болгохыг уриалдаг.

11, 12. а) Шөнө нь Петр юу хийсэн бэ? б) Есүсийн яриаг сонсох зуур Петрт юу бодогдсон бол?

11 Петр шөнөжин загасчилсан ч, хүний урамд, ганц ч загас барьсангүй. Тороо хэд дахин хаясан боловч торонд нэг ч загас орсонгүй. Петр шиг туршлагатай загасчин өөр өөр газар очиж тор хаях зэргээр чаддаг бүхнээ хийж, элдэв арга сүвэгчилсэн нь лавтай. Чаддаг бол усыг нэвт хараад загас байгаа газар нь хүрч очоод, яаж ийгээд торондоо оруулаад авах юм сан гэж бодогдох үе олон байсан биз ээ. Ингэж бодохоор бүр ч урамгүй. Петр зугаагаа гаргах гэж биш, ар гэрээ тэжээх гэж загасанд явдаг. Гэвч гар хоосон буцаж иржээ. Тороо угаагаад завгүй байж байтал Есүс дөхөж ирлээ.

Петр Есүсийг Бурхны Хаант төрийн тухай сургаалаа айлдахад хэзээ ч залхаж байгаагүй

12 Олон түмэн Есүсийг тойрон бүчээд үг бүрийг нь анхааралтай сонсож байв. Их олон хүн байсан учир Есүс нэг завин дээр гараад эргээс жаахан холдуулж өгөхийг Петрээс хүсдэг. Тэгээд  зааж сургахад хүмүүст Есүсийн үг тодхон сонсогдож байлаа. Петр ч эрэг дээрх хүмүүстэй адилаар чих тавин чагнаж байлаа. Есүсийг Бурхны Хаант төрийн тухай сургаалаа айлдахад Петр хэзээ ч залхаж байгаагүй. «Найдвар төрүүлдэг энэ мэдээг тунхаглахад нь Христэд тус болбол ямар сайхан бэ! Гэхдээ ингэж явах боломж надад байна уу? Ар гэрээ яаж тэжээх билээ?» гэж Петр бодсон байж болох юм. Ийн бодож байснаа өнгөрсөн шөнө загасчлаад хоосон буцаж ирснээ санаа биз ээ (Лук 5:1–3).

13, 14. Петрийн төлөө Есүс ямар гайхамшиг үйлдсэн бэ? Петр яасан бэ?

13 Есүс ярьж дуусаад Петрт «Сэлүүрдээд гүн рүү нь очиж тороо хая» гэлээ. Петр их эргэлзэж байлаа. Тэрээр: «Багш аа, бид шөнөжингөө загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ таныг хэлж байгаа болохоор хаяад үзье» гэжээ. Угааж цэвэрлэсэн тороо дахиад хаяна гэхээр Петр дурамжхан байсан нь лавтай. Тэгээд ч одоо загас барьдаг цаг биш шүү дээ. Гэхдээ Петр Есүсийн үгэнд орлоо. Нөгөө завинд байсан нөхдөдөө өөрийг нь дагаж явахыг дохисон бололтой (Лук 5:4, 5).

14 Петр тороо татахдаа ер бусын хүнд байгааг мэдэрлээ. Итгэж ядан, байдаг чадлаараа тороо таттал тоймгүй олон загас язганаж байх нь тэр! Тиймээс, ирж туслаач гэж дохиход нөгөө завин дээрх хамтрагчид нь ирэв. Нэг завинд багтахааргүй их загас байсан учир хоёр завинд хувааж хийлээ. Гэтэл хоёр завь живж эхлэх нь тэр. Петр гайхахын ихээр гайхав. Христ гайхамшиг үйлдэхийг Петр урьд нь үзэж байсан ч энэ явдал түүнд тун онцгой санагдлаа. Есүс бол загасыг ч торонд оруулж чаддаг хүн байх нь. Петр айн балмагдаж, Есүсийн өмнө сөхрөөд «Эзэн минь, та яваач. Би нүгэлтэй хүн» гэж хэлэв. Бурхны хүчээр гайхамшиг үйлдэх эрх мэдэлтэй ийм хүнтэй нөхөрлөх нь Петрт ахадсан хэрэг үү? (Лук 5:6–9-ийг уншина).

«Эзэн минь, ... би нүгэлтэй хүн»

15. Эргэлзэж, айх хэрэггүйг Есүс Петрт хэрхэн ойлгуулсан бэ?

15 Тэгэхэд Есүс Петрт «Айх хэрэггүй. Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» гэж хэлэв (Лук 5:10, 11). Эргэлзэж, айх цаг биш байлаа. Петр загас барьж ар гэрээ тэжээх гэх мэтээс болж Есүсийг дагах эсэхдээ эргэлзэх шаардлагагүй байлаа. Бас алдаа дутагдалтай, авьяас чадвараар хомс гэж айж зүрхшээх учиргүй байв. Есүст хүн төрөлхтний ирээдүйн төлөө хийх ажил их байв. Есүсийн үйлчилдэг Бурхан бол «өгөөмрөөр  уучилдаг» Нэгэн (Ис. 55:7). Ехова Петрийн бүх хэрэгцээг хангаад зогсохгүй, Хаант төрийн төлөө зүтгэхэд шаардлагатай авьяас чадварыг өгөх байв (Мат. 6:33).

16. Петр Яаков Ёохан гурав Есүсийн үгийг хэрхэн хүлээж авсан бэ? Энэ нь яагаад хамгийн зөв шийдвэр байсан бэ?

16 Петр тэр даруй Есүсийн үгийг дагав. Яаков Ёохан хоёр ч дагажээ. «Тэд завинуудаа эрэг рүү авчраад бүх юмаа орхин Есүсийг дагах болжээ» (Лук 5:11) Петр Есүст бас Есүсийг илгээсэн Нэгэнд итгэдгээ батлан харуулсан. Энэ бол хамгийн зөв шийдвэр байв. Өнөөдөр ч бид Еховад үйлчлэхийн тулд эргэлзээ, айдсаа ялж, бат итгэлтэйгээ нотлон харуулдаг. Өөрт нь найддаг хүмүүсийн итгэлийг Ехова хэзээ ч хөсөрдүүлдэггүй (Дуу. 22:4, 5).

 «Чи яагаад эргэлзэв?»

17. Есүстэй танилцсанаас хойших хоёр орчим жилийн хугацаанд Петрт ямар дурсамж үлдсэн бэ?

17 Есүстэй анх танилцсанаас хойш хоёр орчим жилийн дараа Петр тэр нэг салхитай шөнө Галил нууранд завиар явж байсныг бүлгийн эхэнд дурдсан билээ. Тэр үед Петр юу эсийг бодоо бол. Дурсах юм их байлаа. Есүс хадам эхийг нь эдгээсэн. «Ууланд айлдсан номлол»-оо хэлсэн. Есүс сургаал заахдаа, гайхамшиг үйлдэхдээ Еховагийн сонгосон Нэгэн буюу Мессиа гэдгээ удаа дараа баталсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Петр эргэлзээ, айдаст автдаг зангаа тодорхой хэмжээгээр ялж сурчээ. Есүс ч Петрийг 12 элчийнхээ нэгээр сонгосон байв! Гэхдээ Петр эргэлзээ, айдсаа бүрмөсөн ялаагүй байснаа удалгүй ойлгох ажээ.

18, 19. а) Галил нууранд Петр юу харсан бэ? б) Есүс Петрт юу гэж хэлсэн бэ?

18 Шөнийн дөрөвдүгээр манаа буюу шөнийн 3 цагаас өглөөний 6 цагийн үе болж байлаа. Петр гэнэт сэлүүрдэхээ болиод цэх суулаа. Тэртээд, давалгаануудын дунд нэг юм хөдлөөд байх шиг харагдав! Нуурын ус давалгаалан бууж байгаа нь сарны гэрэлд ингэж харагдаж байгаа юм болов уу? Үгүй ээ, давалгаа гэхээргүй тогтвортой, босоо юм харагдана. Хүн байна! Яахын аргагүй, нэг хүн нууран дээгүүр явж байх юм! Сайтар ажиглавал өөрсдийг нь чиглээд ирж байлаа. Шавь нар хий үзэгдэл гэж бодоод айн сандралджээ. Тэгтэл өнөөх хүн: «Би байна. Бүү ай!» гэж тэдэнд хэлэв. Энэ хүн бол Есүс байлаа! (Мат. 14:25–28).

19 Петр: «Эзэн, хэрэв та мөн юм бол усан дээгүүр явж өөр дээр тань очихыг надад тушаагаач» гэв. Эхэндээ Петр их зоригтой байлаа. Ийм хосгүй гайхамшиг үзээд сэтгэл нь хөдөлсөн тэрээр итгэлээ батжуулахыг зорьж, энэ үйл явдлаас хоцрохгүй байхыг хүсжээ. Есүс ч Петрийг ир гэлээ. Петр завинаасаа гарч, долгиолон байгаа нуурын усан дээр зогсов. Хөл дор нь хатуу юм байгаа мэт санагдаж, өөрийгөө усны мандал дээр зогсож байна гэж бодохлоор Петрт ямар байсан бол? Есүсийг чиглэн явахдаа гайхаж ядан байсан биз ээ. Гэвч хоромхон зуур байдал өөрчлөгдөв (Матай 14:29-ийг уншина).

«Шуурга ... хараад айв»

20. а) Петр яагаад анхаарлаа сарниулсан бэ? Тэгэхэд юу болсон бэ? б) Есүс Петрт ямар сургамжтай үг хэлсэн бэ?

20 Петр Есүсийг л анхааралтай харах учиртай байлаа. Давалгаалж буй нуурын усан дээгүүр Еховагийн өгсөн хүчээр Петрийг явуулж байгаа нэгэн бол Есүс шүү дээ. Петр өөрт нь  итгэж байгаа учраас Есүс хүсэлтийг нь биелүүлсэн. Гэвч Петр анхаарлаа сарниулжээ. Библид «шуурга ... хараад айв» гэж тэмдэглэжээ. Салхинд туугдах давалгаа завийг нь цохиж хөөсрөн цацарч байгааг хараад сандрав. Петр айдаст автахын хэрээр итгэл нь «живж» эхлэв. Тууштай хүн болно гэж үнэлүүлээд «Хад» гэсэн нэр авсан хүн эргэлзсэний улмаас чулуу мэт живж эхлэх нь тэр! Петр чамгүй сайн сэлдэг ч өөртөө найдалгүй «Эзэн, намайг авраач!» гэж хашхирав. Есүс гараас нь барьж, уснаас татаж гаргалаа. Тэгээд усан дээр зогсохдоо Петрт их сургамжтай үг хэлжээ. «Чи яагаад эргэлзэв? Бат итгэхгүй байна даа» гэжээ. (Мат. 14:30, 31).

21. Эргэлзэх нь ямар аюултай вэ? Эргэлзээгээ ялахын тулд яах хэрэгтэй вэ?

21 «Чи яагаад эргэлзэв?» гэсэн нь тун оносон үг байлаа. Эргэлзээ хүнд их хүчтэй нөлөөлдөг бөгөөд сүйрэл рүү ч хөтөлж болзошгүй. Хүн эргэлзэж эхэлбэл итгэл нь суларч, Еховатай тогтоосон харьцаагаа ч алдаж мэдэх юм. Тиймээс бид эргэлзээгээ ялахын тулд тэмцэх хэрэгтэй. Үргэлж зөв зүйлийг анхаарч байх нь их чухал. Зүрх үхүүлдэг, урам зориг мохоодог эсвэл Ехова болон Хүүгээс нь холдуулж болзошгүй зүйлийг бодоод байвал эргэлзээ биднийг ялдаг. Харин өөрсдийг нь хайрладаг хүмүүсийн төлөө Ехова Есүс хоёр юу хийснийг, юу хийж байгааг, юу хийхийг анхааран боддог бол бид эргэлзэх сэтгэлээ ялан дийлж чадна.

22. Бат итгэлтэй Петрийг дуурайх хэрэгтэйн учир юу вэ?

22 Петр Есүсийг дагаж яваад завин дээр гарахад шуурга намжиж, Галил нуур нам гүм болов. Петр болон бусад дагалдагч: «Та үнэхээр Бурхны Хүү байна» гэж байлаа (Мат. 14:33). Галил нууранд үүрийн гэгээ туяарч, Петр ч болсон явдлыг бодон Багшдаа талархан суулаа. Эргэлзээ, айдастайгаа тэмцэх ёстойг Петр сайн ойлгожээ. Есүсийн хэлсэнчлэн хадтай зүйрлэм хүн болоход Петрт хугацаа хэрэгтэй байсан ч тэрээр дутагдлаа засан, итгэлээ улам батжуулах шийдвэр төгс байсан. Та бас ингэж шийдсэн үү? Бат итгэлтэй Петрийг дуурайх нь зүйтэй.