Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тэрээр уучилж өршөөхийг Эзнээсээ сурсан

Тэрээр уучилж өршөөхийг Эзнээсээ сурсан

1. Петр хэзээ хамгийн их шаналсан байж болох вэ?

ХАРЦ тулгарсан тэр мөчийг Петр хэзээ ч мартахгүй биз ээ. Есүсийг урам хугарсан эсвэл өөрийг нь жигшиж зэвүүцсэн янзтай харж байна гэж Петр бодсон болов уу? Бид яг таг хэлж мэдэхгүй. Гэхдээ «Эзэн эргэж Петрийг харлаа» гэж Библид тэмдэглэжээ (Лук 22:61). Тэр ганцхан харцнаас Петр ямар ноцтой алдаа гаргаснаа ойлгов. Уг нь, ийм явдал болохыг Есүс зөгнөж хэлэхэд Петр хэзээ ч тийм юм хийхгүй гэж ам гарч байлаа. Гэвч хайртай Эзнээ үгүйсгэчихээд байгаа нь энэ. Петр амьдралдаа ингэж их шаналж байгаагүй болов уу.

2. Петр юу сурах ёстой байсан бэ? Петрийн жишээ бидэнд ямар тустай вэ?

Петрийг уучлах аргагүй байсан уу? Тэрээр бат итгэлтэй хүн байсан учраас алдаагаа засаж, Есүсээс их чухал зүйлийг буюу уучилж өршөөхийг сурсан ажээ. Бид ч бас үүнийг сурах ёстой. Петр хэрхэн сурсныг мэдэж авцгаая.

Ихийг сурах ёстой байсан хүн

3, 4. а) Петр Есүсээс юу гэж асуусан бэ? Петр юу гэж бодсон байж болох вэ? б) Петр тухайн үеийнхээ хүмүүсийн хандлагад автсаныг Есүс хэрхэн ойлгуулсан бэ?

3 Зургаа орчим сарын өмнө Петр Капернаум хотдоо байлаа. Тэрээр Есүс рүү дөхөж очоод «Эзэн, ах дүү минь миний эсрэг нүгэл үйлдвэл би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?» гэж асуудаг. Петр өөрийгөө их ууч сэтгэл гаргаж байна гэж бодсон бололтой. Учир нь тэр үеийн шашны удирдагчид гурван удаа л уучлах хэрэгтэй гэж номлодог байжээ! Харин Есүс: «Долоон удаа биш, 77 удаа» гэж хариулав (Мат. 18:21, 22).

4 Есүс ийн хэлсэн нь хүнийг алдаа гаргах тоолонд нь данс хөтлөөд байгаарай гэсэн үг биш ээ. Харин 77 удаа гэж хэлсэн нь бусдыг хайрладаг хүн уучилж өршөөхдөө харам зан гаргадаггүй гэдгийг хэлсэн хэрэг (1 Кор. 13:4, 5). Петрийг тухайн үеийнхээ хатуу сэтгэлтэй, уучилж өршөөхийг мэдэхээ байсан  хүмүүсийн хандлагад автсаныг Есүс ойлгуулжээ. Мөн Бурхан бол уужим сэтгэлээр уучилж өршөөдөг, уучлах дуртай гэдгийг ухааруулсан (1 Ёохан 1:7–9-ийг уншина).

5. Заримдаа хүн уучилж өршөөхийг яаж сурдаг вэ?

5 Петр Есүстэй маргаагүй. Гэхдээ Есүсийн сургаал Петрийн сэтгэлд хоногшсон болов уу? Хүн уучлуулах хэрэгтэйгээ ойлгож байж л бусдыг уучилж өршөөхийг сурах үе бий. Одоо, Есүсийн амьдралын сүүлийн мөчид юу болсныг эргэн санацгаая. Тэр үед Петр Багшийгаа гомдоох олон алдаа гаргажээ.

Олон алдаа гаргасан Петрийг Есүс уучилсан

6. Есүс даруу байхын чухлыг элчүүддээ заах гэхэд Петр яасан бэ? Есүс Петрт хэрхэн хандсан бэ?

6 Есүсийн дэлхийд өнгөрүүлэх хамгийн сүүлчийн, хамгийн чухал орой байлаа. Элчүүддээ заах юм их байв. Тухайлбал, даруу байхын чухлыг заах гэж байлаа. Шавь нарынхаа хөлийг угааж даруу байхыг үлгэрлэн үзүүлэв. Хөл угаах нь хамгийн дорд зарцад оногддог ажил юм. Яагаад ийм юм хийх гэж байгааг нь Петр Есүсээс асуудаг. Тэгээд хөлөө угаалгахгүй гэж зүтгэв. Тэгснээ зөвхөн хөлөө биш, гараа, толгойгоо угаалгана гэв! Харин Есүс тэвчээр алдалгүй, хийх гэж байгаа үйлдлийнхээ учрыг ч, чухлыг ч тайлбарласан (Ёох. 13:1–17).

7, 8. а) Есүсийн тэвчээрийг шалгасан ямар явдал болсон бэ? б) Есүсийн ууч, сайхан сэтгэл юунаас харагддаг вэ?

7 Удалгүй Петр дахиад Есүсийн тэвчээрийг шалгав. Хэн нь хамгийн агуу вэ гэж элчүүд маргалдахад Петр бас оролцсон нь гарцаагүй. Бардам зан хүнийг ичгэвтэр байдалд оруулдаг билээ. Есүс элчүүддээ сайхан сэтгэл гаргаж буруу үзлийг нь зассан. Түүгээр зогсохгүй, сайн талыг нь үнэлж, үнэнч байсныг нь магтсан. Гэхдээ тэд өөрийг нь хаяж явахыг Есүс хэлдэг. Харин Петр үхэх болсон ч хамт байна гэж ам гардаг. Тэгтэл Есүс яг тэр шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө өөрийг нь гурвантаа үгүйсгэнэ гэжээ. Тэгэхэд Петр Есүсийн үгийг няцаагаад зогсохгүй бусад бүх элчээс илүү үнэнч байна хэмээн бардам загнах нь тэр! (Мат. 26:31–35; Марк 14:27–31; Лук 22:24–28; Ёох. 13:36–38).

8 Есүсийн тэвчээр барагдсан болов уу? Үгүй ээ, тэр амаргүй үед төгс бус элчүүдийнхээ сайн талыг харж байв. Петр алдаж эндэхийг Есүс мэдэж байлаа. Гэхдээ «Итгэлээ бүү алдаасай гэж би чиний төлөө Бурханд залбирч, шаргуу гуйсан юм. Харин чи эргэж ирээд ах дүүгээ батжуул» гэж хэлдэг (Лук 22:32).  Ийнхүү Петрийг алдаагаа засаад урьдынх шигээ үнэнч үйлчилнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Есүс хэчнээн сайхан сэтгэлтэй, хэчнээн ууч юм бэ!

9, 10. а) Гетсеманийн цэцэрлэгт Петр ямар алдаа гаргасан бэ? б) Бид Петртэй юугаараа адил бэ?

9 Гетсеманийн цэцэрлэгт болсон үйл явдлыг бодвол Петр дахиад л алджээ. Есүс залбирахаар явдаг. Залбирч байх зуур нь сэргэг байхыг Петр Яаков Ёохан гурваас хүсдэг. Сэтгэл нь тавгүйтэж, ихэд шаналсан Есүст тэдний дэмжлэг их хэрэгтэй байв. Гэвч Петр болон нөгөө хоёр унтчихдаг. Бүр нэг бус удаа шүү. Есүс элчүүдээ ойлгож, уучлан «Хүн зөв юм хийхийг хүсдэг ч махан бие нь сул дорой байдаг» гэжээ (Марк 14:32–41).

10 Удалгүй илд бороохой, бамбар барьсан бөөн хүн ирэх нь тэр. Болгоомжтой, хэрсүү байх хэрэгтэй байсан ч Петр яах ийхийн зуургүй сэлмээ сугалаад буулгатал тэргүүн тахилчийн боол Малхын чихийг тас цавччихав. Есүс уурлаж бухимдалгүй, буруу юм хийснийг нь Петрт хэлээд боолын чихийг эдгээдэг. Тэгээд хүч хэрэглэх ёсгүйн учрыг тайлбарласан бөгөөд энэ зарчмыг Христийн дагалдагчид одоо ч баримталдаг (Мат. 26:47–55; Лук 22:47–51; Ёох. 18:10, 11). Петрийг алдаа гаргах бүрд Эзэн нь түүнийг уучилдаг байв. Бид ч Петртэй адил байнга алддаг шүү дээ (Яаков 3:2-ыг уншина). Бурхнаар уучлуулах шаардлагагүй хүн бидний дунд нэг ч байхгүй. Петрийн хувьд хэрэг явдал үүгээр дууссангүй. Бүр ноцтой алдаа гаргах гэж байлаа.

Хамгийн ноцтой алдаа

11, 12. а) Есүс баригдахад Петр зориг гаргаж юу хийсэн бэ? б) Петр хэлсэндээ хүрч чадаагүй нь юунаас харагддаг вэ?

11 Өөрийг нь хайж ирсэн юм бол элчүүдийг нь явуулах ёстойг Есүс тэр хүмүүст хэлжээ. Тэд Есүсийг хүлж байгааг Петр дэмий л харан зогсов. Тэгснээ бусад шавь нарын хамт зугтлаа.

12 Зугтаж явсан Петр Ёохан хоёр тэргүүн тахилч байсан Анасын гэрийн ойр хавьд очсон бололтой. Есүсийг байцаахаар эхлээд Анасын гэрт хүргэжээ. Уг нь Петр Ёохан хоёр Есүсийг баригдаад явахад дагасан ч «холуур» дагаж явав (Мат. 26:58; Ёох. 18:12, 13). Петр аймхай хулчгар хүн биш байв. Есүсийг барьж аваад явахад араас нь дагана гэдэг зоригтой хүний л хийх юм. Илд бороохой болсон олон хүн ирэхэд Петр нэгийг нь шархдуулсан. Гэхдээ л Петр хэрэг гарвал үхэхээс ч буцахгүй гэж ам гараад байсан шигээ үнэнч байж чадсангүй (Марк 14:31).

13. Христийг дагах хамгийн сайн арга юу вэ?

 13 Өнөөдөр олон хүн Петртэй адилаар Христийг «холуур» дагадаг. Өөрөөр хэлбэл, Христийг дагадгаа хүмүүст мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ Христийг дагах хамгийн сайн арга бол ямар ч үр дагавар амсах бай, Христийг бүх талаар чадах чинээгээрээ дуурайх явдал юм гэдгийг Петр өөрөө олон жилийн дараа бичжээ (1 Петр 2:21-ийг уншина).

14. Есүсийг шүүх үед Петр юу хийж байсан бэ?

14 Петр Есүсийг дагасаар Иерусалимын том байшингуудын нэгийнх нь гадна ирлээ. Энэ бол баян чинээлэг, нэр нөлөө бүхий тэргүүн тахилч Каяафын гэр юм. Ийм байшин гадуураа хашаатай ажээ. Петр хашааны хаалгаар орох гэсэн боловч түүнийг оруулсангүй. Харин Ёохан тэргүүн тахилчийг таньдаг учраас хашаан дотор байжээ. Тэгээд тэр гадагш гарч, сахиултай яриад Петрийг оруулав. Тэгэхээр Петр Ёохантай хамт явж байгаад салсан байх нь. Тэрээр Багшийнхаа дэргэд байхаар байшин руу орохыг ч оролдоогүй бололтой. Петр шөнийн хүйтэнд түүдэг гал бараадан суугаа зарц, шивэгчидтэй хамт хашаан дотор байв. Байшин дотор Есүсийг шүүж байгаа бөгөөд түүнийг буруутган худал мэдүүлэг өгөхөөр орж гарч байгаа хүмүүсийг ажиглаж байв (Марк 14:54–57; Ёох. 18:15, 16, 18).

15, 16. «Чи намайг гурван удаа үгүйсгэнэ» гэсэн Есүсийн үг хэрхэн биелсэн бэ?

15 Петрийг хаалгаар оруулсан зарц охин галын гэрэлд Петрийг хараад таньжээ. Өнөөх охин: «Та Галилын Есүстэй хамт байсан шүү дээ!» гэлээ. Энэ үгэнд цочирдсон Петр зарц охины хэлснийг ойлгож байгаа хэр нь Есүсийг танихгүй гэж мэлзлээ. Тэрээр хүмүүсийн хараанд өртөхгүй гэсэндээ үүд хавьд очив. Гэтэл өөр нэг зарц охин түүнийг ажиглаж байснаа «Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан» гэж хэлжээ. Тэгэхэд Петр: «Би тэр хүнийг танихгүй!» гэж зүтгэв (Мат. 26:69–72; Марк 14:66–68). Есүсийг танихгүй гэж хоёр дахь удаагаа хэлэхэд нь тахиа донгодох сонсогдсон биз ээ. Гэвч хэдхэн цагийн өмнө Есүсийн юу гэж хэлснийг санах сөхөө түүнд байсангүй.

16 Петр хүний хараанд өртөхгүй байх гэж байдгаараа хичээж байв. Тэгтэл хашаан дотор байсан хэдэн хүн түүн рүү дөхөж ирлээ. Тэдний нэг нь Петрт чихээ цавчуулсан Малхын хамаатан ажээ. Өнөөх хүн: «Би чамайг тэр хүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь хараагүй бил үү?» гэхэд Петр тэднийг хүн андуурч байна гэж итгүүлэхийг оролдов. Тэгээд «Хэрэв би худал хэлбэл надад хараал хүрэг!» гэж хэллээ. Энэ нь Есүсийг гурав дахь удаагаа үгүйсгэсэн хэрэг байв. Ингэж хэлмэгц азарган тахиа  хоёр дахиа донгодохыг Петр сонслоо (Ёох. 18:26, 27; Марк 14:71, 72).

«Эзэн эргэж Петрийг харлаа»

17, 18. а) Эзэндээ ямар муухай юм хийснээ ухаарсан Петр яасан бэ? б) Петр юу гэж бодсон байж болох вэ?

17 Тэр үед Есүс тагтан дээр гарч ирээд, хашаанд байгаа хүмүүсийг харав. Чухам тэр мөчид, эхэнд тэмдэглэснээр, Есүс Петр хоёрын харц тулгарчээ. Петр Эзэндээ ямар муухай юм хийснээ сая л ухаарав. Буруу хэрэг хийсэндээ ихэд шаналсан тэрээр хашаанаас гарч, хотын гудамж даган явлаа. Тэргэл саран мэлтийж зам тод харагдана. Петрийн нүдийг нулимс бүрхэхэд бүх юм бүрсийн харагдана. Петр өөрийн эрхгүй цурхиран уйлав (Марк 14:72; Лук 22:61, 62).

18 Хүн иймэрхүү алдаа гаргахлаараа уучлахын аргагүй нүгэл хийсэн гэж бодох гээд байдаг. Петр ч тэгж бодсон байж болох юм. Тэгвэл Петрийг уучлах болов уу?

Петрийг уучлах аргагүй юү?

19. Петр яасан бэ? Гэвч цөхрөнгөө бараагүйг хаанаас мэдэж болох вэ?

19 Маргааш нь болсон үйл явдал Петрийн сэтгэлийг хэр их шаналгасныг төсөөлөхөд бэрх. Есүс тарчилж байгаад үхэхэд Петр өөрийгөө хэчнээн их зэмлээ бол! Дэлхий дэх амьдралынх нь сүүлчийн өдөр Эзнийхээ зовлон дээр зовлон нэмснээ бодохоос ч аймшигтай санагдаж байсан биз ээ. Петр үгээр хэлэхийн аргагүй шаналж байсан ч цөхрөнгөө бараагүй юм. Тэрээр удалгүй итгэл нэгт нөхөдтэйгөө нийлснийг бид Библиэс мэддэг (Лук 24:33). Тэр үдэш гоомой хэрэг хийсэндээ элчүүд бүгдээрээ харамссан бөгөөд бие биеэ тайвшруулсан нь лавтай.

20. Петр зөв шийдвэр гаргасан нь бидэнд ямар сургамжтай вэ?

20 Петр их зөв шийдвэр гаргажээ. Бурхны үйлчлэгч хүн алдлаа гэхэд хэр зэрэг ноцтой алдаа гаргасан нь биш, харин алдаагаа засъя гэсэн сэтгэлтэй байх нь чухал (Сургаалт үгс 24:16-г уншина). Петр хэчнээн гутарч байсан ч итгэл нэгтнүүдтэйгээ уулзсан нь бат итгэлтэй байсны шинж юм. Гуньж гутарсан юм уу гэмшиж харууссан хүн бусдаас хөндийрөх гээд байдаг ч энэ нь их аюултай (Сур 18:1). Итгэл нэгтнүүдтэйгээ дотно байж Бурхандаа үйлчлэх эрч хүчтэй болох нь хамгийн ухаалаг (Евр. 10:24, 25).

21. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт байсан Петр ямар мэдээ сонссон бэ?

 21 Итгэл нэгтнүүдтэйгээ хамт байсан Петр Есүсийн цогцос булшинд байхгүй байна гэсэн хачирхалтай мэдээ сонсжээ. Есүсийн цогцсыг тавиад, амыг нь лацадсан булш руу очихоор Петр Ёохан хоёр гүйлээ. Ёохан түрүүлж очсон нь арай залуу байсных бололтой. Булшны ам онгорхой байгааг харсан ч орж зүрхэлсэнгүй. Харин Петр амьсгаагаа ч даралгүй булш руу шууд яваад орчихов. Булш хоосон байлаа! (Ёох. 20:3–9).

22. Юуны ачаар Петр гуньж, эргэлзэхээ больсон бэ?

22 Есүсийг амилсан гэдэгт Петр итгэсэн болов уу? Есүсийг дагадаг болсон эмэгтэйчүүдэд тэнгэрийн элчүүд үзэгдэж, Есүс амилсан хэмээн тунхагласан. Эмэгтэйчүүд энэ тухай элчүүдэд хэлсэн боловч тэд итгээгүй юм (Лук 23:55—24:11). Гэхдээ орой болоход Петр гуньж гутарч, эргэлзэж тээнэгэлзэхээ бүрмөсөн больжээ. Есүс амилж, үл үзэгдэх хүчирхэг бүтээл болжээ! Тэрээр элчүүддээ үзэгдсэн билээ. Гэхдээ эхлээд нэг хүнтэй ганцаарчлан уулзсан ажээ. Тэр өдөр элчүүд: «Эзэн гарцаагүй амилжээ. Симонд үзэгдсэн байна!» хэмээн ярилцсан (Лук 24:34). Тэр өдрийн тухай элч Паул бичихдээ Есүсийг «Кефт, дараа нь 12 элчид үзэгдсэн» гэж тэмдэглэжээ (1 Кор. 15:5). Петрийг бас Кеф, Симон гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр, Петрийг ганцаараа байхад нь Есүс түүнд үзэгдсэн байх нь.

Петрийг алдаа гаргахад Эзэн нь уучилдаг байв. Бид ч Петртэй адил байнга алддаг

23. Бурхны үйлчлэгч нүгэл үйлдсэн бол Петрийн жишээг санах нь яагаад зөв бэ?

23 Сэтгэл хөдөлгөм тэр уулзалтын талаар Библид бичээгүй. Есүс Петр хоёр л мэднэ. Хайртай Эзнийхээ амьд байгааг харах, хэчнээн харамсаж, гэмшсэнээ хэлэх боломж олдсонд Петр тун их баярлаа биз ээ. Уучлуулахыг Петр хамгийн их хүсэж байлаа. Есүс ч чин сэтгэлээсээ уучилсан нь лавтай. Бурхны үйлчлэгч хүн нүгэл үйлдсэн бол Петрийн жишээг санах нь зүйтэй. Бурхнаар хэзээ ч уучлуулахааргүй юм хийлээ гэж бодох учиргүй. «Өгөөмрөөр уучилдаг» Эцгийгээ Есүс төгс дуурайдаг (Ис. 55:7).

Уучилсан гэдгээ дахин баталсан нь

24, 25. а) Петр Галил нууранд загасчилсан шөнийг дүрсэлнэ үү. б) Өглөө нь Есүс гайхамшиг үйлдэхэд Петр яасан бэ?

24 Есүс Галил нуурын эрэг дээр элчүүдтэйгээ уулзахаа хэлсэн билээ. Тэд Галил нуур луу ирэв. Петр загас барихаар явахад зарим нь түүнийг дагажээ. Амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөсөн энэ л нууранд Петр дахиад ирсэн нь энэ. Завины чахрах чимээ, завийг цохих давалгаа, загасны торны саргар  нэхээс зэрэг нь цаанаа л нэг танил, дотно санагдах ажээ. Тэд шөнөжин загасчлаад юу ч барьсангүй (Мат. 26:32; Ёох. 21:1–3).

Петр завинаасаа үсрэн ус руу ороод эрэг чиглэн сэлэв

25 Үүр цайхад нэг хүн эрэг дээр байлаа. Тэр тэднийг завиныхаа нөгөө талд тороо хая гэлээ. Тэд хэлснээр нь тороо хаяад 153 загас барив! Петр өнөөх хүнийг танилаа. Тэгээд завинаасаа үсрэн ус руу ороод эрэг чиглэн сэлэв. Эрэг дээр байсан Есүс галд шарсан загасаар үнэнч нөхдөө дайллаа. Дараа нь Есүс Петртэй ярилцдаг (Ёох. 21:4–14).

26, 27. а) Есүс Петрт гурван удаа ямар боломж олгосон бэ? б) Есүс чин сэтгэлээсээ уучилснаа хэрхэн баталсан бэ?

 26 Есүс өөрийг нь «эдгээрээс» буюу саяхан барьсан олон загаснаас илүү хайрладаг уу гэж Петрээс асуулаа. Петр загас барих ажилдаа дурлах болов уу, эсвэл Есүсийг хайрлах болов уу? Петр Есүсийг гурван удаа үгүйсгэсэн бол одоо хайртай гэдгээ нөхдийнхөө дэргэд батлан хэлэх боломжийг Есүс түүнд гурван удаа олголоо. Тэр хайраа хэрхэн батлан харуулахыг Есүс хэлж өгсөн билээ. Бурханд үйлчлэхийг эн тэргүүнд тавьж, үнэнч дагалдагчид буюу Христийн сүргийг тэжээж, тэдний итгэлийг батжуулж, хариулах учиртай байв (Лук 22:32; Ёох. 21:15–17).

27 Петр өөрт нь ч, Эцэгт нь ч хэрэгтэй хүн гэдгийг Есүс ийн баталжээ. Петр Христийн удирдлагад байдаг хуралд чухал үүрэг гүйцэтгэх байв. Есүс үнэхээр чин сэтгэлээсээ уучилжээ. Ууч сэтгэлтэй Есүст Петр ихэд талархаж, алдаанаасаа сургамж авсан нь лавтай.

28. Симон, Петр гэдэг нэрээ хэрхэн баталсан бэ?

28 Петр оногдсон ажлаа олон жил үнэнч хийсэн. Есүс нас барахынхаа өмнө түүнд тушаасан ёсоор итгэл нэгтнүүдийнхээ итгэлийг батжуулсан. Тэднийг тэжээж, хариулах үүргээ сэтгэл гарган, тэвчээртэй биелүүлсэн юм. Симон гэдэг нэртэй явсан түүнд «хад» гэсэн утгатай Петр хэмээх нэрийг Есүс өгсөн билээ. Тэрээр энэ нэрэндээ тохирсон хүн байв. Хад мэт бат итгэлтэй байж, итгэл нэгтнүүддээ үлгэр дуурайл болсон юм. Итгэл нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл гаргаж бичсэн хоёр захидал нь үүнийг давхар баталдаг бөгөөд эдгээр захидал Библийн чухал номнууд болсон түүхтэй. Уучлахын чухлыг Есүсийн ачаар ухаарч ойлгосноо мартаагүйг захидлуудаас нь мэдэж болно (1 Петр 3:8, 9; 4:8-ыг уншина).

29. Яавал бат итгэлтэй Петрийг ч, уучилж өршөөдөг Эзнээ ч дуурайх вэ?

29 Петрийн ухаарсныг бид бас ухаарах ёстой. Байнга алдаа гаргадаг бид Бурхнаас өдөр бүр уучлал гуйдаг билүү? Бурхан уучилдаг бөгөөд биднийг ариун гэж үздэг гэдэгт итгэдэг үү? Бусдыг уучилдаг уу? Тэгдэг бол бат итгэлтэй Петрийг ч, уучилж өршөөдөг Эзнээ ч дуурайж байгаа хэрэг.