Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

Дүгнэлт

Дүгнэлт

«Итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийг дуурайгч бол» (ЕВРЕЙ 6:12).

1, 2. Одоо бол итгэлээ батжуулах цаг гэж яагаад хэлж болох вэ? Жишээ хэлнэ үү.

ИТГЭЛ. Энэ нь бишрэм сайхан чанар юм. Итгэлтэй холбоотой хоёр чухал зүйлийг бид санаж явах хэрэгтэй. Хэрэв та итгэлгүй болсон бол нэн даруй итгэлтэй болох шаардлагатай. Харин итгэлтэй бол итгэлээ хамгаалж, улам батжуулахыг юу юунаас илүү анхаарах хэрэгтэй. Яагаад?

2 Та өөрийгөө хязгааргүй уудам цөлөөр явж байна гэж төсөөлөөрэй. Танд ус маш их хэрэгтэй. Хэрэв та ус олбол түүнийгээ аль болох нарнаас хамгаална шүү дээ. Бас усны саваа дүүргэж, сайн нөөцөлнө. Бидний амьдарч буй цаг үеийг цөлтэй, жинхэнэ итгэлийг устай зүйрлэж болно. Усаа хамгаалахгүй бол цөлийн наранд ууршиж, сайн нөөцлөхгүй бол зорьсон газраа хүрч чадахгүй. Үүнтэй адилаар үргэлж бат итгэлтэй байх нь амин чухал. Бид усгүй бол хатаж үхдэг шиг итгэлгүй бол Еховатай тогтоосон харьцаа маань тасарна (Ром 1:17).

3. Итгэлээ батжуулахад маань Ехова хэрхэн тусалдаг вэ? Ямар хоёр зүйлийг санаж явах хэрэгтэй вэ?

3 Итгэлээ батжуулах нь бидний хувьд амин чухал болоод байгааг Ехова сайн мэддэг. Бас үргэлж бат итгэлтэй байх амаргүйг ч ойлгодог. Тийм учраас итгэлийн гайхалтай жишээ болсон хүмүүсийн тухай Библид бичүүлжээ. Бас «итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийг дуурайгч бол» хэмээн Ехова элч Паулаар бичүүлсэн (Евр. 6:12). Тэгэхээр эртний үнэнч үйлчлэгчдийг, тухайлбал энэ номонд гарч буй хүмүүсийг дуурайхын тулд чадах бүхнээ хийхийг Еховагийн байгууллага бидэнд уриалдаг нь санамсаргүй хэрэг биш байх нь ээ. Тэгвэл бид одоо яах хэрэгтэй вэ? Хоёр зүйлийг санаж явцгаая. 1) Итгэлээ байнга батжуулж байя. 2) Ирээдүйн найдвараа тод санаж явъя.

4. Итгэлээ батжуулахад маань Сатан саад болдог гэж яагаад хэлж болох вэ? Гэхдээ Сатанаас яагаад айх шаардлагагүй вэ?

4 Итгэлээ байнга батжуулж байя. Итгэлээ батжуулахад маань саад болдог хамгийн том дайсан бол энэ ертөнцийн захирагч Сатан юм. Тэрээр итгэлийг маань «ширгээх» буюу үгүй хийхийн тулд энэ ертөнцийг цөл шиг хатуу ширүүн нөхцөлтэй болгон хувиргасан. Сатан биднээс хавьгүй хүчтэй. Тэгвэл бид бат итгэлтэй болж чадахгүй нь гэж Сатанаас айх хэрэгтэй юү? Үгүй. Бат итгэлтэй болохыг хүсдэг бүх хүнд Ехова өмөг түшиг болдог Найз билээ. Хэрэв өөрт нь итгэж найдвал бид Диаволыг эсэргүүцэж чадна,  тэр байтугай Диавол биднээс хол байна гэдгийг Ехова батлан хэлсэн (Яак. 4:7). Сатан Диаволыг эсэргүүцэхийн тулд өдөр бүр итгэлээ батжуулах цаг гаргах хэрэгтэй. Яаж?

5. Бурхны эртний үнэнч үйлчлэгчид яаж итгэлтэй болсон бэ? Тайлбарлана уу.

5 Бурхны эртний үнэнч үйлчлэгчид төрөлхийн итгэлтэй хүмүүс байгаагүйг бид мэдэж авсан. Итгэл бол Еховагийн агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарын нэг гэдгийг тэд амьдралаараа харуулсан (Гал. 5:22, 23). Түүнээс гадна тусламж гуйн залбирдаг байсан учраас Ехова итгэлийг нь батжуулжээ. Бид бас Еховагаас тусламж гуйн залбирдаг байя. Агуу хүчийг нь гуйн залбирч, залбирсныхаа дагуу хичээж мэрийвэл Ехова агуу хүчээ харамгүй өгнө (Лук 11:13). Өөр бид юу хийж болох вэ?

6. Библид гардаг үнэнч хүмүүсээс суралцахын тулд яах нь зүйтэй вэ?

6 Итгэлийн гайхалтай жишээ болсон хүмүүсийн заримыг нь л энэ номонд оруулав. Өөр олон үнэнч хүн бий! (Еврей 11:32-ыг уншина). Тэд өөр өөрийн гэсэн онцлогтой тул тэдний талаар судлахдаа сайн залбирч, тэднээс суралцах ирмүүн хүсэлтэй байгаарай. Хэрэв бид итгэлийн жишээ болсон эртний үнэнч үйлчлэгчдийн тухай Библиэс уншсан болоод өнгөрдөг бол итгэлээ батжуулж чадахгүй. Уншсан зүйлээсээ бүрэн ач тус хүртэхийн тулд цаг зав гаргаж байгаад хам сэдэв болон тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар судлаарай. Тэд бидэн шиг л төгс бус байсныг санавал үлдээсэн жишээг нь дуурайхад амар болно (Яак. 5:17). Бас бидэнд тулгардаг шиг зовлон бэрхшээлийг амсаж явсан болохоор тэдэнд юу бодогдож, ямар санагдаж байсныг төсөөлөхөд төвөггүй.

7-9. а) Бидний одоо биелүүлдэг даалгаврыг эртний үнэнч үйлчлэгчид биелүүлэхээр болбол тэдэнд ямар санагдах бол? б) Итгэлээ яагаад үйл хэргээрээ харуулах ёстой вэ?

7 Итгэлээ батжуулах бас нэг арга нь Еховад итгэж найддагаа үйл хэргээрээ харуулах явдал юм. Тэгээд ч «үйлсгүй итгэл үхмэл» гэж Библид бий (Яак. 2:26). Бидний одоо биелүүлдэг үүрэг даалгаврыг энэ номонд гардаг үнэнч хүмүүст өгвөл тэд хэчнээн их баярлах байсныг төсөөл дөө!

8 Жишээлбэл Абрахам Еховаг шүтэхдээ тахилын ширээ босгож тахил өргөдөг байсан. Харин одоо түүнийг итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглаан, чуулганы танхимд суугаад Еховаг шүтэж байна гээд төсөөл дөө! «Үзсэн юм шиг» итгэдэг болсон амлалтуудынх нь тухай нэг бүрчлэн тайлбарлаж, ярилцахад Абрахамд ямар санагдах бол? (Еврей 11:13-ыг уншина). Бас Елиа хорон муу хааны захиргаан дор амьдарч, Баалын эш үзүүлэгчдийг устгах биш, харин бусдыг тайвшруулдаг, итгэл найдвар төрүүлдэг мэдээ айлаар тунхаглавал түүнд ямар санагдах бол? Бат итгэлтэй тэд Еховагийн өгсөн ямар ч даалгаврыг бидний адилаар дуртайяа биелүүлэх байсан нь лавтай.

 9 Итгэлээ үйл хэргээрээ харуулж, батжуулж явцгаая. Тэгдэг бол Библид гардаг итгэлийн гайхалтай жишээ болсон хүмүүсийг дуурайж байна гэсэн үг. Тэднийг хэдийчинээ их дуурайна, төдийчинээ тэдэнтэй дотны найзууд болохыг энэ номны оршил хэсэгт ярилцсан. Тун удахгүй бид тэдэнтэй жинхэнэ утгаар анд найз болно.

10. Бид диваажинд ямар баяр хөөр эдлэх вэ?

10 Ирээдүйн найдвараа тод санаж явцгаая. Эртний үнэнч үйлчлэгчид Еховагийн өгсөн найдварыг тод санаж явсан учир урам зоригтой, эрч хүчтэй байжээ. Та яадаг вэ? Шударга хүмүүс амилах тэр үед Бурхны үнэнч үйлчлэгчидтэй уулзаад хэчнээн их баярлахаа төсөөлдөг үү? (Үйлс 24:15-ыг уншина). Та тэднээс юу асуумаар байна вэ?

11, 12. Та шинэ ертөнцөд а) Абелаас б) Ноагаас в) Абрахамаас г) Рутээс д) Абигаилаас е) Естерээс юу гэж асуух вэ?

11 Та Абелаас эцэг эхийнх нь талаар асуумаар байна уу? Эсвэл ингэж асуух уу? «Та Еден цэцэрлэгийг манаж байсан херубуудтай ярьж үзсэн үү? Тэд танд хариулсан уу?». Тэгвэл Ноатай уулзвал юу гэж асуух вэ? «Та Нефилимээс айсан уу? Хөвөгч авдарт орсон амьтдыг яаж тэжээж байсан бэ?» гэх мэтчилэн асуух байх. Хэрэв Абрахамтай уулзвал «Та Шемтэй уулзаж байв уу? Танд хэн Еховагийн тухай заасан бэ? Ур хотоос явах хэцүү байсан уу?» хэмээн асуухгүй гэж үү?

12 Тэгвэл одоо, эртний үнэнч эмэгтэйчүүдийг амилахад тэднээс юу асуухаа бодож үзье. Рутээс «Та яагаад Еховагийн үйлчлэгч болохоор шийдсэн бэ?», Абигаилаас «Та Давидад тусалсан тухайгаа Набалд хэлэхдээ айж байсан уу?», Естерээс «Библид гардаг үйл явдал дууссаны дараа Мордехаи та хоёр яасан бэ?» гээд л асууж гарах биз ээ.

13. а) Эртний үйлчлэгчид амилаад танаас юу гэж асуух бол? б) Тэдэнтэй уулзана гэж бодохлоор танд ямар санагддаг вэ?

13 Еховагийн эртний үнэнч үйлчлэгчдэд бас танаас асуух зүйл олон бий. Та тэдэнд эцсийн өдрүүдийн тухай, тэр эгзэгтэй цаг үед Ехова ард түмнээ хэрхэн ивээж байсныг сэтгэл догдлон ярих биз ээ. Ехова амласан бүхнээ хэрхэн биелүүлснийг тэд мэдээд ямар их баярлах бол оо. Дэлхий диваажин болох үед Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийн талаар төсөөлөн бодох шаардлагагүй болно. Учир нь тэд бидэнтэй хамт байна шүү дээ. Тиймээс одооноос тэдэнтэй дотнын найз болохын тулд чадах бүхнээ хийцгээе. Итгэлийг нь үргэлж дуурайж явцгаая. Та тэдэнтэй үүрд мөнх найзалж нөхөрлөн, Еховадаа мөр зэрэгцэн үйлчлэх болтугай!