Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Тэрээр гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн

Тэрээр гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн

1, 2. а) Иосефын гэр бүл яах хэрэгтэй болсон бэ? б) Иосеф эхнэртээ ямар муу мэдээ дуулгах хэрэгтэй болсон бэ?

ИОСЕФ илжгэндээ ачаа тэгнэлээ. Тэрээр шөнийн Бетлехемийг ажиглан харснаа ачаатай илжгээ гуядав. Египетийг зорин холын аянд гарч байгаа нь энэ аж. Мэдэхгүй хэлээр ярьдаг, өөр ёс заншилтай, харийн хүмүүсийн дунд аж төрөх амаргүй. Амьдрал нь ийн өөрчлөгдөхөд Иосефынх яах бол?

Хайртай эхнэр Мариадаа муу мэдээ дуулгах Иосефт амаргүй байсан ч зориглон хэлсэн. Тэнгэрийн элч зүүдэнд нь үзэгдэж, Херод хаан бяцхан хүүг нь хөнөөх гэж байгааг дуулгажээ! Тиймээс даруй зугтах хэрэг гарчээ (Матай 2:13, 14-ийг уншина). Мариа ихэд түгшиж байлаа. Гэм буруугүй бяцхан үрийг нь хөнөөх санаа агуулах хүн байна гэдэг Иосеф Мариа хоёрын ухаан санаанд багтахгүй байв. Гэхдээ Еховад найдан замд гарах бэлтгэлээ базаалаа.

3. Иосеф гэрийнхнээ аваад Бетлехем хотоос гарч байгааг дүрсэлнэ үү (Зураг үзнэ үү).

3 Бетлехемийн хүмүүсийг унтаж байхад Иосеф эхнэр хүүхдээ аваад харанхуйгаар сэм явлаа. Тэрээр гэр бүлээ дагуулан өмнө зүгийг зорин явахдаа юу тохиолдох бол хэмээн бодсон биз ээ. Эгэл жирийн мужаан хүн эрх мэдэлтэй хаанаас гэр бүлээ хэрхэн хамгаалах бол? Яаж тэжээх бол? Ехова Бурхны өгсөн хариуцлагатай үүргийг биелүүлж, хүүг нь өсгөж хүмүүжүүлж чадах болов уу? Иосефт үнэхээр амаргүй үүрэг оногджээ. Иосеф энэ бүхнийг хэрхэн даван туулсныг мэдэж авъя. Бас бид бүгд, ялангуяа эцэг хүн түүний итгэлийг хэрхэн дуурайж болохыг авч үзье.

Иосеф гэр бүлээ хамгаалсан

4, 5. а) Иосефын амьдрал хэрхэн бүрмөсөн өөрчлөгдсөн бэ? б) Хариуцлагатай үүрэг хүлээн авахад нь тэнгэрийн элч хэрхэн тусалсан бэ?

4 Энэ явдлаас хэдэн сарын өмнө Иосеф төрөлх хот Назартаа Елигийн охинтой сүй тавьснаар амьдрал нь бүрмөсөн өөрчлөгджээ. Иосеф Мариаг цэвэр ариун, Бурханд үнэнч бүсгүй  гэж боддог байв. Гэтэл жирэмсэн болсныг нь мэджээ! Иосеф сүйт бүсгүйгээ шившиг болгохгүй гэсэндээ нууцаар салахаар шийддэг. * Тэгтэл тэнгэрийн элч зүүдэнд нь үзэгдэж, Мариаг Еховагийн агуу хүчээр хөл хүнд болсныг тайлбарлажээ. Мариагийн төрүүлэх хүү нь «хүмүүсийг нүглээс чөлөөлнө» гэдгийг мэдэгдэж, «Мариатай гэрлэхээс бүү ай» хэмээв (Мат. 1:18–21).

5 Иосеф Бурханд үнэнч, дуулгавартай хүн учир Бурхны хэлснээр болов. Ийнхүү мах цусных нь тасархай биш боловч Бурхны хамгийн хайртай хүүг өсгөж хүмүүжүүлэх туйлын хариуцлагатай үүрэг хүлээх болжээ. Хожим нь Цезарь Августын зарлиг ёсоор хүн амын тооллогод хамрагдахаар хөл хүнд эхнэрээ дагуулан Бетлехем рүү явдаг. Тэнд хүү нь төржээ.

6-8. а) Иосефын гэрийнхэнд дахин ямар өөрчлөлт гарсан бэ? б) Зурхайчдад газарчилсан одыг Сатан үзүүлсэн гэж яагаад хэлж болох вэ? (Зүүлт үзнэ үү).

6 Иосеф буцаж ирээд Назарт бус, Иерусалимаас холгүй орших Бетлехемд амьдрах болов. Тэднийх ядуу байсан ч Иосеф эхнэр хүүгээ наад захын юмаар дутаахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Удалгүй тэднийх хэрдээ таарсан сууцтай болж, Есүс хүү ч өсөж торниж байлаа. Есүсийг ой гарантай байхад тэдний амьдралд дахин нэг өөрчлөлт гарав.

7 Иосеф Мариа хоёрын гэрт дорнын хэдэн зурхайч ирлээ. Тэд алс холын Вавилоноос ирсэн бололтой. Одоор газарчлуулж ирсэн тэд Иудейн хаан болох хүүхдийг хайж яваа аж. Зурхайчид тэр гурвыг их хүндлэв.

8 Өөрсдөө мэдэж байсан эсэх нь тодорхойгүй ч, зурхайчид бяцхан Есүсийг аюулд оруулав. Тэднийг газарчилсан од эхлээд Бетлехемд бус, Иерусалимд аваачсан шүү дээ. * Тэнд зурхайчид Херод хаантай уулзаж, иудейчүүдийн хаан болох хүүхдийг хайж яваагаа хэлэхэд хорон санаат хааны уур хорсол буцалдаг.

9-11. а) Херод болон Сатанаас илүү хүч чадалтай Нэгэн юу хийсэн бэ? б) Египет рүү явсан аялал үлгэр домогт гардгаас ямар ялгаатай байсан бэ?

9 Гэхдээ Херодоос ч, Сатанаас ч илүү хүч чадалтай Нэгэн байв. Хэн байж таарах вэ? Зочид Иосефын «гэрт орж, хүүхдийг эх Мариатайгаа хамт байхыг үзээд» бэлэг сэлт өгч, хариуд нь юу ч нэхээгүй. Иосеф Мариа хоёр гэнэт «алт, хоёр төрлийн анхилуун үнэртэн» гэх мэтийн үнэт зүйл аваад гайхсан биз ээ. Уг нь зурхайчид Херод хаанд хүүгийн байгаа газрыг мэдэгдэх  санаатай байлаа. Тэгтэл Ехова үүнд саад хийж, тэднийг өөр замаар гэртээ харихыг зүүдэнд нь мэдэгдэв (Матай 2:1–12-ыг уншина).

10 Зочдыг явмагц Еховагийн тэнгэрийн элч: «Бос. Эхнэр, хүүхдээ аваад Египет рүү зугт. Намайг хэлэхээс нааш бүү буцаж ирээрэй. Учир нь Херод хүүхдийг хөнөөх гэж байна» гэж Иосефт сэрэмжлүүлжээ (Мат. 2:13). Иосеф ч тэр ёсоор яаран хөдөлснийг өгүүллийн эхэнд бичсэн. Тэрээр хүүгийнхээ амь насыг хамгаалахыг хамгийн чухалд үзэн гэр бүлээ аваад Египет рүү явсан. Тэд харийн зурхайчдын өгсөн үнэт зүйлсээр хүний нутагт амьдралаа залгуулж чадах байв.

Иосеф шийдэмгий алхам хийж, бяцхан хүүгээ хамгаалсан

11 Зарим үлгэр домогт бяцхан Есүсийг Египет рүү явахдаа гайхамшгаар замаа товчилж, эцэг эхээ дээрэмчдээс аварч, бүр дал модыг бөхийлгөн жимсийг нь ээждээ өгүүлсэн гэх мэтээр хэтрүүлэн дүрсэлдэг. * Үнэн хэрэгтээ, тэд таньж мэдэхгүй газраар явж, хүнд бэрх, урт замыг туулсан юм.

Иосеф гэрийнхнийхээ төлөө ая тухаа бодоогүй

12. Өнөөгийн аюултай нийгэмд хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд Иосефоос юу сурах вэ?

12 Эцэг эхчүүдэд Иосефын түүхээс сурах юм их бий. Тэрээр гэр бүлийнхнийгээ аюулаас хамгаалахын тулд өөрийн ая тухаа бодолгүй, ажлаа орхиход бэлэн байсан. Иосеф гэр бүлээ Еховагийн өгсөн бэлэг гэж үнэлж эрхэмлэдэг байсан нь тодорхой байна. Өнөөгийн аюултай цагт хүүхэд залууст муугаар нөлөөлж, тэр байтугай амьдралд нь хар толбо суулгах юм их байдаг. Ийм аюултай нийгэмд үр хүүхдээ муу нөлөөнөөс хамгаалах гэж Иосефын адилаар шийдэмгий алхам хийдэг, үүргээ сайн биелүүлдэг эцэг эхчүүдээр бахархууштай!

Иосеф гэр бүлээ тэжээсэн

13, 14. Иосеф Мариа хоёр яагаад Назарт ирж суурьшсан бэ?

13 Херод хааныг нас барсныг тэнгэрийн элч Иосефт төд удалгүй дуулгажээ. Үүнийг бодож үзвэл тэднийх Египетэд удаагүй байх нь ээ. Тэднийх нутаг буцахаар болов. Ехова хүүгээ «Египетээс дуудаж гаргахыг» эрт цагт зөгнөсөн байлаа (Мат. 2:15). Иосеф энэ зөгнөлийг биелэхэд хувь нэмэр оруулсан. Тэгвэл гэр бүлээ аваад хаашаа явах бол?

14 Иосеф үүнд хянуур ханджээ. Учир нь Херодын хүү Архел  хаан ширээг залгамжилжээ. Тэрээр хорон санаатай, харгис хэрцгий хүн байсан тул Иосефын болгоомжилсон нь зүйн хэрэг юм. Иосеф Еховагийн удирдлагаар Иерусалимаас хойд зүгт орших төрөлх хот Галилын Назартаа иржээ. Энэ нь Иерусалимаас зайтай, аюул осол багатай газар байв. Иосефынх тэнд өнөр өтгөн айл болдог (Матай 2:19–23-ыг уншина).

15, 16. Иосеф ямар ажил хийдэг байсан бэ? Ямар багаж хэрэглэдэг байсан байж болох вэ?

15 Тэднийх эгэл амьдралтай айл байв. Библид Иосефыг мужаан гэж бичихдээ модоор олон төрлийн юм хийх гэсэн санаа илэрхийлдэг үг хэрэглэжээ. Тухайлбал ойгоос модоо тайрч авчраад хатаана. Тэгээд байшин, завь, жижиг гүүр, түрдэг тэрэг, тэрэгний дугуй, буулга болон газар тариалангийн бүх төрлийн хэрэгсэл хийхэд зориулж модоо бэлтгэнэ (Матай 13:55). Мужааны ажил биеийн хүч шаардсан амаргүй ажил байв. Тэр үеийн мужаан гэрийнхээ үүд хавьд юм уу гэртэй нь залгаа мухлагт ажлаа хийдэг байжээ.

16 Иосеф олон төрлийн багажныхаа заримыг эцгээсээ өвөлж авсан биз ээ. Тэгш өнцөг гаргагч, тугалган эгцлүүр, хэмжүүрийн утас, мод өөлөгч, модон муна, гар өрөм, сүх, хөрөө, алх, цүүц, янз бүрийн цавуу, бас өртөг өндөртэй ч хадаас хэрэглэдэг байсан болов уу.

17, 18. а) Есүс хойд эцгээсээ юу сурсан бэ? б) Иосеф яагаад улам бүр чармайн хөдөлмөрлөх хэрэгтэй байсан бэ?

17 Есүс хойд эцгийнхээ хэрхэн ажиллаж байгааг харж зогсоно. Хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж, хурц хараа, гарынх нь бяр чадал, ур дүйг биширч байсан нь лавтай. Иосеф ч хүүгээ багаас нь модыг загасны хайрсаар үрж, өөг нь дарах гэх мэтийн энгийн ажилд сургаж, инжир, агч, чидун зэрэг модны ялгааг заасан биз ээ.

Иосеф хүүдээ мужааны ажлыг зааж сургасан

18 Есүсийн хувьд Иосеф бол зөвхөн мод огтлох, цавчих гэх мэтийн хүнд хүчир ажил хийдэг мужаан биш байв. Харин өөрийг нь болон ээж, дүү нарыг нь хайрлан энхрийлдэг, тайвшруулж тайтгаруулдаг уян зөөлөн хүн байлаа. Иосеф Мариа хоёр Есүсээс гадна наанадаж зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ (Мат.  13:55, 56). Иосеф бүл нэмэхийн хэрээр тэднийгээ тэжээж, халамжлах гэж улам бүр чармайн хөдөлмөрлөж байсан.

Иосеф гэрийнхнийгээ Еховатай дотно байлгахыг голлон анхаардаг байв

19. Гэрийнхнийгээ Бурхантай дотно байлгахын тулд Иосеф юу хийдэг байсан бэ?

19 Гэхдээ Иосеф гэр бүлийнхнийгээ Еховатай дотно байлгахыг голлон анхаарч байлаа. Тиймээс хүүхдүүддээ Ехова Бурхны тухай зааж, хууль тушаалыг нь ойлгуулахад цаг зав гаргадаг байжээ. Нутгийнхаа синагогт эхнэр, хүүхдүүдээ авч тогтмол очно. Синагог гэдэг нь Бурхны хуулийг чанга дуугаар уншиж, тайлбарладаг газар байв. Бодвол, синагогт очсоны дараа Есүс олон асуулт тавьж, Иосеф бүгдэд нь хариулахыг хичээдэг байсан биз ээ. Бас жил бүр Иерусалимд болдог Дээгүүр өнгөрөх баярт гэр бүлээрээ очдог байжээ. Иерусалим тэдний нутгаас 120 километр зайтай байв. Тэнд очиж баяр тэмдэглээд буцаж ирэхэд хоёр долоо хоног ордог байсан бололтой.

Иосеф гэр бүлээ аваад Иерусалимд болдог баярт тогтмол очдог байв

20. Өрхийн тэргүүнүүд Иосефын жишээг хэрхэн дуурайх вэ?

20 Өнөөдөр ч Гэрч гэр бүлийн тэргүүнүүд Иосефыг дуурайдаг. Үр хүүхдэдээ Еховагийн тухай заахыг сэтгэл санааны болон материаллаг хэрэгцээг нь хангахаас илүү чухалд үзэн цаг зав гаргадаг. Тэдэнтэйгээ Гэр бүлийн хичээл хийж, цуглаан, чуулганд авч очихын тулд чадах бүхнээ хийдэг. Өрхийн тэргүүнүүд Иосефын адилаар, хүүхдүүддээ Еховагийн тухай заах нь тэднийхээ сайн сайхны төлөө хийж болох хамгийн сайн үйл гэдгийг ухамсарладаг.

«Их сандарлаа»

21. Дээгүүр өнгөрөх баяраар Иосефын гэрийнхэн яадаг байсан бэ? Есүс алга болсныг Иосеф Мариа хоёр хэзээ мэдсэн бэ?

21 Есүсийг 12 настай байхад Иосеф Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр гэр бүлээ аван заншил ёсоороо Иерусалим руу явав. Ер нь хүмүүс гэр бүл, хамаатан саднаараа нийлж явдаг байжээ. Аянчид хаврын ногоо цухуйсан газраар явсаар уул толгод бүхий Иерусалимын ойр орчим ирээд алдарт өгсөх дуунуудыг дуулдаг байжээ (Дуу. 120—134). Баярын үеэр хэдэн зуун мянган хүн Иерусалим хотод бужигнаж байгаад баярын дараа гэр гэр лүүгээ буцна. Иосеф Мариа хоёр явдал суудалдаа болоод ч тэр үү, Есүсийг бусад хамаатан садантайгаа явж байгаа гэж бодож байж. Гэтэл Иерусалимаас гарч бүтэн өдөр  явсан хойноо нэг зүйлийг мэдээд ихэд цочирдов. Есүс алга болжээ! (Лук 2:41–44).

22, 23. Есүс алга болсныг Иосеф Мариа хоёр мэдээд яасан бэ? Мариа Есүст юу гэж хэлсэн бэ?

22 Сандарч тэвдсэн тэд Иерусалимд буцаж очоод, явсан бүх газраараа Есүсийг хайв. Хотын гудамжаар хүүгийнхээ нэрийг дуудан гүйж явахад нь хот эл хуль оргиж, хачин жигтэй санагдаа биз ээ. Хүү маань хаана байгаа бол гэсэн ганцхан бодол тэдний толгойд эргэлдэж байсан нь лав. Иосеф хүүгээ ололгүй гурав дахь өдөртэй золгоод Еховагийн итгэлийг даанч алдлаа даа гэж бодсон биз ээ. Хайж явсаар сүмд очоод Хуулийн багш нар цугласан нэг танхимд явж оров. Тэгтэл Есүс хүү тэдний дунд  сууж байх нь тэр! Иосеф Мариа хоёрын сэтгэл сая нэг уужрав! (Лук 2:45, 46).

23 Есүс сүмд эрдэм номтой хүмүүсийг анхааралтай сонсож, тэднээс асууж лавлаж байв. Тэд хүүгийн мэдлэг ойлголт, хариултыг гайхан биширч байж. Харин Иосеф Мариа хоёр хүүгээ хараад мэл гайхав. Иосеф Есүсийг хараад үг хэлсэн тухай Библид байдаггүй ч Мариа: «Хүү минь, чи яагаад бидэнд ингэж хандав аа? Аав ээж хоёр нь чамайг хайж их сандарлаа» гэж хэлснийг хоёулангийнх нь сэтгэлийн үг гэж дүгнэж болно (Лук 2:47, 48).

24. Библиэс юу мэдэж болох вэ?

24 Ийнхүү эцэг эх байх гэдэг хэчнээн хариуцлагатай хэрэг  болохыг Бурхны Үгэнд цөөхөн үгээр тун онож хэлжээ. Тийм ээ, бүр төгс хүүхэд хүмүүжүүлэхэд ч амаргүй аж! Өнөөгийн аюултай нийгэмд санаа зовох, сандарч тэвдэх юм эцэг эхчүүдэд бишгүй их тохиолддогийг Бурхан ойлгодог гэж бодохлоор тэдний сэтгэл тайвширдаг.

25, 26. Есүс эцэг эхдээ юу гэж хэлсэн бэ? Аав нь хүүгийнхээ үгийг сонсоод юу бодсон байж болох вэ?

25 Есүс энэ ертөнцөд тэнгэрийн Эцэг Еховадаа хамгийн ойр байж болох тийм л газар, Еховагийн тухай мэдэж болох бүхнийг шимтэн сурч байсан. Тиймээс Есүс аав ээждээ «Яагаад намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстойг минь мэдээгүй гэж үү?» хэмээн хэлжээ (Лук 2:49).

26 Иосеф энэ үгийг олон удаа бодсон байж таарна. Тэгээд хүүгээрээ бахархсан ч байж мэднэ. Өсгөсөн хүүгээ Ехова Бурхантай эцэг хүүгийн харьцаатай болгох гэж хамаг чадлаараа хичээж явсан. Иосефын ачаар «аав» гэдэг үг жаал хүү Есүст гүн сэтгэгдэл төрүүлдэг болжээ.

27. Эцэг хүн ямар үүрэгтэй вэ? Иосефын жишээг яагаад санах хэрэгтэй вэ?

27 Хэрэв та эцэг хүн бол хүүхдүүд тань эцгийн хайр халамжийг танаас л мэдэрнэ. Та ийм хариуцлагатай үүрэг хүлээдгээ ойлгодог уу? Нөгөө талаас, та өргөмөл юм уу дагавар хүүхэдтэй бол Иосефын жишээг санаж, хүүхэд бүрээ хайрлаж халамжлаарай. Тэнгэрийн Эцэг, Ехова Бурхантай дотно харьцаа тогтооход нь туслаарай (Эфэс 6:4-ийг уншина).

Иосеф үүргээ сайн биелүүлсэн

28, 29. а) Лук 2:51, 52-оос Иосефын талаар юу мэдэж болох вэ? б) Хүүгээ мэргэн ухаантай болоход нь Иосеф хэрхэн тусалсан бэ?

28 Иосефын амьдралтай холбон үзэж болохоор өөр хэдэн зүйлийг Библид товч дурдсан байдгийг эргэцүүлж бодвол ихийг мэдэж болно. Сүмд болсон явдлаас хойш ч Есүс эцэг эхдээ «дуулгавартай байсаар  байв» гэж Библид байдаг. Бас «Есүс өсөж торнин улам бүр мэргэн ухаантай болж байлаа. Бурхан болон олон түмэн түүнийг сайшааж байв» гэж байдаг (Лук 2:51, 52-ыг уншина). Эдгээрээс Иосефын талаар чамгүй ихийг мэдэх боломжтой. Есүс төгс хүүхэд байсан ч эцгийнхээ эрх мэдлийг хүндэтгэн, дуулгавартай байсныг бодвол Иосеф өрхийн тэргүүний үүргээ сайн биелүүлдэг байжээ.

29 Есүс бас мэргэн ухаантай болж байсныг бодож үзвэл хүүгээ ийм хүн болгох гэж Иосеф их анхаарсан байж таарна. Тэр үеийн иудейчүүдийн дунд эртний нэг зүйр үг яригддаг байжээ. Тэр үг нь цаг зав ихтэй хүн л мэргэн болж, харин мужаан, тариачин, дархан гэх мэтийн хар ажилчин «шударга ёсыг тунхаглаж үл чадах бөгөөд зүйр үг хэлэлцдэг газраас олдохгүй» гэсэн утгатай аж. Энэ үгийн ор үндэсгүйг Есүс хожим баталсан. Иосеф жирийн нэг мужаан байсан ч Есүсийг бага байхаас нь Ехова юуг зөв, юуг буруу гэж үздэгийг тодорхой, ойлгомжтой зааж сургасан нь лавтай. Бас хүүдээ тогтмол заадаг байв.

30. Иосеф өрхийн тэргүүнүүдэд ямар жишээ үлдээсэн бэ?

30 Есүс эрүүл чийрэг, хүч тэнхээтэй залуу болсон нь Иосеф түүнийг багаас нь анхаарч халамжилж өсгөсний бас нэг баталгаа юм. Хожим нь хүүгээ биеийн хүчний ажилд ч сургажээ. Хүмүүс Есүсийг мужааны хүү гэхээс гадна өөрийг нь ч «мужаан» гэдэг байв (Марк 6:3). Тэгэхээр Иосеф сайн зааж сургажээ гэсэн үг. Өрхийн тэргүүн хүн Иосефыг дуурайн үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, ажил хөдөлмөрт сурган амьдралаа авч явах чадвар эзэмшүүлэхийг анхаарах нь зүйтэй.

31. а) Иосеф хэзээ нас барсныг хаанаас мэдэж болох вэ? ( Хавсралт үзнэ үү). б) Иосеф бидэнд ямар жишээ үлдээсэн бэ?

31 Есүсийг 30 настайдаа баптисм хүртсэн тухай Библид бичихдээ Иосефын талаар огт дурдаагүй байдаг. Баримт үзвэл Есүсийг үйлчилж эхлэх үед Мариа бэлэвсэн байж (« Иосеф хэзээ нас барсан бэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Гэхдээ Иосеф сайн эцэг байхын гайхалтай жишээ үлдээсэн. Гэр бүлээ хамгаалж, тэжээж, өрхийн тэргүүний үүргээ сайн биелүүлжээ. Өрхийн тэргүүн бүр, Гэрч хүн бүр итгэлийн жишээ болсон Иосефыг дуурайх нь зүйтэй.

^ д/м 4 Тэр үед сүй тавьсан хүмүүсийг гэрлэсэнд тооцдог байжээ.

^ д/м 8 Энэ «од» нь сансар огторгуй дахь жинхэнэ од биш бөгөөд Ехова зурхайчдад үзүүлээгүй. Есүсийг алах хорон санаагаа гүйцэлдүүлэхийн тулд Сатан тэр одыг ер бусын аргаар үзүүлсэн.

^ д/м 11 Есүс анхны гайхамшгаа баптисм хүртсэнийхээ дараа үйлдсэнийг Библид тодорхой бичсэн байдаг (Ёох. 2:1–11).