Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Тэрээр өршөөнгүй байхыг сурсан

Тэрээр өршөөнгүй байхыг сурсан

1. Ионагийн аян замыг дүрсэлнэ үү. Зорьсон газар нь ойртох тусам Иона яасан бэ?

ИОНАД бодох юм их байлаа. 800 гаруй километр зам туулах гэж байв. Бүтэн сар юм уу түүнээс ч олон хоног явна. Цаг хожиж замаа товчлох уу? Эсвэл тал хөндий, уул толгод дамжин аюул осол багатай замаар явах уу? Аль нэгийг нь сонгох хэрэгтэй болов. Зорьсон газраа очихын тулд өргөн уудам Сирийн цөл, ширүүн урсгалтай Евфрат мөрнийг гатлахаар болсон биз ээ. Сири, Месопотами, Ассирийн таньж мэдэхгүй хот тосгодоор дайрч өнгөрөхдөө хоноглох газар хайж явжээ. Өдөр хоног өнгөрч, Ниневе хот ойртох тусам Иона айж түгшинэ.

2. Ехова Ионад юу ойлгуулсан бэ?

2 Энэ удаа зугтаж чадахгүйг нь Ехова Ионад сайн ойлгуулжээ. Догшин шуурга дэгдээж, аварга загасыг ашиглан Ионаг сургасныг өмнөх бүлэгт үзсэн. Ехова түүнийг живэхээс аварч, гурван хоногийн дараа аварга загасны гэдэснээс эсэн мэнд гаргажээ. Үүний дүнд Иона улам даруу, дуулгавартай хүн болов (Иона 1, 2-р бүлэг).

3. Ехова Ионад яаж хандсан бэ? Үүнээс үүдээд ямар асуулт гарч байна вэ?

3 Ниневе рүү явахыг Ехова хоёр дахь удаагаа тушаахад Иона дуулгавартай байж, аян замд гарчээ (Иона 3:1–3-ыг уншина). Гэхдээ тэрээр алдаанаасаа сургамж авч, бүрмөсөн  өөрчлөгдсөн үү? Ехова Ионаг живж байхад нь аварч өршөөнгүй хандсан. Бас даалгавраа биелүүлэхээс татгалзахад нь шийтгэлгүй, дахин боломж олгосон. Иона энэ бүхнээс сургамж аваад бусдад өршөөнгүй хандахыг сурсан уу? Өршөөнгүй хандаж сурах нь төгс бус хүний хувьд амаргүй байдаг. Тиймээс Ионад тохиолдсон явдал бидэнд сургамжтай.

Шүүх мэдээ ба санаанд оромгүй явдал

4, 5. Ехова Ниневег яагаад «их хот» гэсэн бэ? Эндээс Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

4 Ехова ниневечүүдийг яагаад чухалд үзсэнийг Иона ойлгохгүй л байлаа. «Ниневе бол гурван өдрийн турш алхаж туулахаар агуу их хот байв» гэж Библид бий (Иона 3:3). Ехова Ниневег «их хот» хэмээн гурван удаа хэлсэн байдаг (Иона 1:2; 3:2; 4:11). Бурхан энэ хотыг яагаад «их хот» хэмээн чухалд үзсэн бэ?

 5 Ниневе эртний хот байв. Усан галавын дараа Нимродын барьж байгуулсан анхны хотуудын нэг юм. Өргөн уудам нутаг дэвсгэртэй энэ хотын нэг захаас нөгөө захад нь хүрэхэд гурван өдөр болдог байжээ (Эх. 10:11; Иона 3:3). Сүрлэг сүм дуган, гоё байшин барилга, өндөр хана хэрэмтэй хот байлаа. Гэхдээ Еховад энэ бүхнээс илүү Ниневегийн ард түмэн чухал байв. Тухайн үедээ хүн ам ихтэй энэ хотынхон бузар булай явдалтай байсан ч Бурхан тэдэнд санаа тавьжээ. Ехова хүний амийг эрхэмлэдэг учраас хүмүүсийг гэмшээсэй, зөв юм хийж сураасай гэж хүсдэг.

Ниневе бузар булай явдалд живсэн том хот байв

6. а) Иона Ниневед ирээд яагаад айж сүрдсэн бэ? (Зүүлт үзнэ үү). б) Бид Ионагаас юу сурах вэ?

6 Иона 120 000 гаруй оршин суугчтай Ниневед ирээд бүр ч их айж сүрдсэн нь лавтай. * Тэрээр мэдээгээ тунхаглах тохиромжтой газар олох гэж хотын төв рүү бүтэн өдөр алхжээ. Ямар хэлээр мэдээгээ тунхагласан юм бол? Ассиричуудын хэлийг мэддэг байсан уу? Эсвэл Ехова ер бусын аргаар тусалсан уу? Библид энэ тухай бичээгүй. Иона хэлмэрчтэй байсан байж болох юм. Юутай ч, «Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно» гэсэн товч тодорхой хэр нь хүмүүсийн дургүйг хүргэхээр мэдээ тунхаглажээ (Иона 3:4). Уг мэдээгээ зоригтой тунхагласаар байв. Ийнхүү гайхалтай эр зоригтой, бат итгэлтэй хүн гэдгээ баталжээ. Бид бас эдгээр зан чанарыг төлөвшүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.

Иона товч тодорхой хэр нь хүмүүсийн дургүйг хүргэхээр мэдээ тунхаглажээ

7, 8. а) Ниневечүүд Ионагийн мэдээг яаж хүлээж авсан бэ? б) Ниневегийн хаан Ионагийн мэдээг сонсоод яасан бэ?

7 Ионагийн мэдээ ниневечүүдийн анхаарлыг татжээ. Тэднийг уурлан хилэгнэж, харгис ширүүн хандана гэж Иона бодож байсан нь лавтай. Гэтэл санаанд оромгүй явдал болов. Ниневечүүд шүүх мэдээг анхааран сонсох нь тэр! Ионагийн мэдээ хот даяар тархаж, хүмүүсийн ярианы  сэдэв болов (Иона 3:5-ыг уншина). Баян ядуу, хөгшин залуу бүх хүн гэмшиж, мацаг барьжээ. Энэ бүхэн хааных нь сонорт ч хүрчээ.

Бат итгэлтэй Иона шүүх мэдээг ниневечүүдэд зоригтой тунхагласан

8 Хаан нь бас гэмшив. Бурхнаас эмээсэн тэрээр «сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суув». Бас ноёдтойгоо хэлэлцэн зарлиг гаргажээ. Зарлиг ёсоор, Ниневе даяараа мацаг барьж, ард түмэн нь төдийгүй мал сүрэг нь таар өмсөх ёстой болов. * Хаан нь ард иргэдээ бузар булай зүйл хийдэг, харгис хэрцгий хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хэрэв гэмшвэл жинхэнэ Бурхан өршөөл үзүүлнэ хэмээн найдаж ийн хэлжээ. «Бурхан эргэж, зөөлрөн, биднийг устгахгүйгээр Өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ?» (Иона 3:6–9).

9. Зарим хүн юунд эргэлздэг вэ? Гэхдээ яагаад эргэлзэх хэрэггүй вэ?

9 Ниневечүүд ийм хурдан гэмшсэнд зарим хүн эргэлздэг. Гэхдээ тэр үеийн хүмүүс мухар сүсэгт итгэдэг, тогтворгүй байсныг бодож үзвэл ингэж хурдан гэмшсэнийг нь үгүйсгэх аргагүй гэж Библи судлаачид үздэг. Бас Есүс Христ тэдний гэмшсэнийг хэлсэн байдаг (Матай 12:41-ийг уншина). Есүс тэнгэрт байхдаа ниневечүүдэд тохиолдсон явдлыг нүдээрээ харсан учраас тийн хэлжээ (Ёох. 8:57, 58). Үнэндээ бол ямар ч хүн, харгис хэрцгий мэт санагдсан хүн ч засарч өөрчлөгддөгийг бид мартах учиргүй. Зөвхөн Ехова л хүний доторхыг харж чаддаг шүү дээ.

Еховагийн өршөөнгүй сэтгэл ба хүний хатуу сэтгэл

10, 11. а) Ниневегийн ард түмнийг гэмшихэд Ехова яасан бэ? б) Ниневечүүдийг шийтгэнэ гэсэн Еховагийн шийдвэр буруу байсан уу? Тайлбарлана уу.

10 Ниневегийн ард түмнийг гэмшихэд Ехова яасан бэ? «Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай  гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ» хэмээн Иона хожим нь бичжээ (Иона 3:10).

11 Тэгвэл ниневечүүдийг шийтгэнэ гэсэн Еховагийн шийдвэр буруу байсан хэрэг үү? Яалаа гэж! Ехова шударга ёсыг төгс баримталдгийг Библид бичсэн байдаг (Дэд хууль 32:4-ийг уншина). Ниневечүүд Еховаг хилэгнүүлэх юм хийсэн нь үнэн. Гэхдээ тэд гэмшсэн учраас Еховагийн уур намжиж, шийтгэхээ больжээ. Ийнхүү өршөөнгүй сэтгэл гаргасан.

12, 13. а) Ехова ухаалаг, уян хатан, өршөөнгүй сэтгэлтэй нь юунаас харагддаг вэ? б) Ионагийн тунхагласан мэдээ худлаа байсан уу?

12 Хүмүүс шашны сургаал номлолоос болж Бурхныг харгис хатуу, хүйтэн хөндий мэтээр ойлгодог. Гэхдээ Ехова тийм Бурхан биш ээ. Харин ч хүнийг ойлгодог, уян хатан, өршөөнгүй сэтгэлтэй билээ. Бузар булай юм хийдэг хүмүүсийг шийтгэхээ урьтал болгодоггүй. Тэднийг ниневечүүд шиг гэмшиж, өөрчлөгдөөсэй гэсэндээ дэлхий дэх төлөөлөгчдөө илгээж урьдчилан сануулдаг (Езе. 33:11). Ехова Иеремиад «Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй. Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муугаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө» хэмээн айлдсан байдаг (Иер. 18:7, 8).

Муу хүмүүсийг ниневечүүд шиг гэмшиж, өөрчлөгдөөсэй гэж Бурхан хүсдэг

13 Ионагийн тунхагласан шүүх мэдээ худлаа байсан уу? Үгүй. Ниневечүүд муу юм хийхээ болихгүй бол Бурхны шийтгэлийг хүлээхийг Иона сэрэмжлүүлсэн. Тэд ч сэрэмжлүүлгийг сонсоод гэмшсэн. Харин дахин муу юм хийвэл Ехова тэднийг хэлснийхээ дагуу шийтгэх байв. Үнэхээр ч хожим нь шийтгэжээ (Зеф. 2:13–15).

14. Ехова ниневечүүдийг өршөөхөд Иона яасан бэ?

14 «Дөч хоногийн дараа» Ниневе устгагдаагүйг Иона хараад яасан бэ? «Ихэд дургүйцэн уурлажээ» гэж Библид бий (Иона 4:1). Тэр байтугай залбирахдаа Төгс хүчит Нэгнийг буруушаажээ! Ниневе рүү ирэх хэрэггүй байсан юм гэж залбирсан. Бас ниневечүүдийг шийтгэхгүйг нь анхнаасаа мэдэж байсан учраас Таршиш руу зугтсан хэмээн өөрийгөө зөвтгөжээ. «Надад амьд явснаас үхсэн нь дээр» гэж залбирлынхаа эцэст хэлдэг (Иона 4:2, 3-ыг уншина).

15. а) Иона яагаад уурласан бэ? б) Гуньж гутарсан зөнчөө Ехова яасан бэ?

 15 Иона юунаас болоод гуньж гутарсан бэ? Чухам юу бодож байсныг нь нэг бүрчлэн мэдэх аргагүй. Ниневегийн ард түмэнд шүүх мэдээ тунхаглахад нь тэд хүлээж авсан учраас Бурхан тэднийг шийтгээгүй. Тэгвэл Иона хуурамч зөнч гэж хэлүүлэхээсээ айсан юм болов уу? Юутай ч, ниневечүүдийг гэмшиж, Еховагийн өршөөлийг хүртэхэд нь баярлаагүй. Харин ч нэр төрөө бодсон учраас уур хорсолд автжээ. Гэхдээ өрөвч энэрэнгүй Ехова гуньж гутарсан зөнчийнхөө сайн талыг олж харжээ. Хүндэтгэлгүй загналаа гээд шийтгээгүй. «Чамд уурлах шалтгаан байна уу?» хэмээн эелдгээр асууж нэгийг бодуулжээ (Иона 4:4). Иона асуултад нь хариулсан болов уу? Энэ тухай Библид байдаггүй.

16. Зарим хүн Еховатай санал нийлдэггүй нь юунаас харагддаг вэ? Ионагийн жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

16 Ионаг буруутгах амархан. Гэхдээ хүн төгс бус учраас Бурхантай санал нийлэхгүй үе гардгийг бид санах хэрэгтэй. Зарим хүн, гай зовлонгоос өөрсдийг нь хамгаалсангүй эсвэл муу муухай юм хийдэг хүмүүсийг тэр дор нь шийтгэсэнгүй гэж Еховаг буруутгадаг. Бас Сатаны ёс бус энэ ертөнцийг аль хэдийн устгах ёстой байсан юм гэж үздэг. Бурхантай санал нийлэхгүй юм гарсан үед Ионагийн жишээ бидэнд сургамжтай. Тийм үед Ехова бус, бид үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай.

Ехова Ионад өршөөнгүй байхыг заасан нь

17, 18. а) Ниневегээс гараад Иона юу хийсэн бэ? б) Еховаг ургамал ургуулж, дараа нь үхүүлэхэд Иона яасан бэ?

17 Гуньж гутарсан Иона Ниневе хотоос гарлаа. Гэхдээ нутгийн зүг биш, уул толгод бүхий зүүн зүг рүү явжээ. Тэнд жижиг сүүдрэвч барьж, хотыг ажиглан суув. Ниневе устгагдана гэдэгт найдсаар байсан биз ээ. Бурхан хатуу сэтгэлтэй зөнчдөө өршөөнгүй байхыг хэрхэн заах бол?

18 Ехова тэр шөнө нэгэн «ургамал» ургуулжээ. Ионаг сэрээд хартал бүдүүн иштэй, өргөн навчтай ургамал байв. Энэ нь хэврэг сүүдрэвчээс нь хамаагүй сайн халхавч болж байлаа. Иона үүнд ихэд баярлажээ. Бурхан ивээж, сайшааж байна гэж бодсон биз ээ. Харин Ехова түүнийг наранд цохиулахаас  хамгаалж, уур омгийг нь дарахаас гадна зүрх сэтгэлийг нь хөдөлгөхийг хүсэж байв. Тийм учраас дахин гайхамшиг үйлджээ. Өнөөх ургамлыг хорхойд идүүлэв. Дараа нь «дорнын халуун салхийг бэлтгэхэд» Иона наранд цохиулж ухаан нь балартав. Тэгээд цөхөрсөндөө үхэхийг хүсэмжлэн Бурханд залбирчээ (Иона 4:6–8).

19, 20. Ехова Ионад ургамлын тухай юу гэж хэлсэн бэ?

19 Ехова: «Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү?» хэмээн Ионагаас дахин асуув. Иона гэмшихийн оронд өөрийгөө зөвтгөж «Надад үхтлээ уурлах шалтгаан байна» гэжээ. Ионад нэг чухал зүйлийг ухааруулах цаг нь болов (Иона 4:9).

Ехова Ионад ургамал ашиглан өршөөнгүй байхыг заажээ

20 Ехова Ионад «Чи арчлаагүй, өөрөө ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болдог ургамлыг өрөвдсөн билээ. Асар олон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй  их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү?» хэмээн хэлж нэгийг бодуулжээ (Иона 4:10, 11). *

21. а) Ехова ургамлыг ашиглан Ионад юуг ойлгуулсан бэ? б) Сэдэл хандлагаа шударгаар шалгахад Ионад тохиолдсон явдал хэрхэн туслах вэ?

21 Ехова ургамлын жишээгээр Ионад ямар чухал зүйлийг ойлгуулах гэсэн юм бол? Иона тэр ургамлыг ургуулж, арчлаагүй шүү дээ. Харин Ехова бүх бүтээлдээ амь өгч, тэтгэдэг шигээ ниневечүүдэд санаа тавьжээ. Гэтэл Иона ганц ургамлыг 120 000 хүн болон тэдний мал сүргээс илүүд үзсэн. Тэр ургамал Ионад хэрэгтэй байсан болохоор л үхэхэд нь харамсжээ. Ниневечүүдээс болж уурласан нь бас л аминч үзлээс үүдэлтэй байв. Бардам зан гаргаж, нэр төрөө бодсон учраас уурлажээ. Ионад тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Бид сэдэл хандлагаа шударгаар шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн бүр амин хувиа бодох хандлагатай. Гэхдээ бид Бурхныхаа ачаар тусч, өршөөнгүй, өрөвч сэтгэлтэй байхыг сурдаг. Бидэнд тэвчээртэй хандаж, өөрийг нь дуурайхад тусалдаг Еховадаа талархаад баршгүй!

22. а) Иона сургамж авсан нь юунаас харагддаг вэ? б) Бид ямар хүн болох ёстой вэ?

22 Иона сургамж авсан болов уу? «Иона» ном Еховагийн асуултаар төгсдөг. Ионаг асуултад нь хариулаагүй гэж үздэг хүмүүс байдаг. Гэхдээ тэрээр энэ номыг бичсэнээрээ уг асуултад хариулсан гэж хэлж болно. Нутагтаа аюулгүй буцаж ирээд, болсон бүх үйл явдлыг бичиж байгааг нь төсөөл дөө. Ухаан суусан, төлөв даруу болсон Иона номоо бичиж суухдаа алдаж эндсэнээ бодон толгойгоо сэгсэрнэ. Зөрүүд зан, хатуу сэтгэл гаргасандаа харамсана. Бас Еховагийн мэргэн зөвлөгөөг дагаж, чухал сургамж авснаа санана. Иона өршөөнгүй байхыг сурсан. Харин та яах вэ? (Матай 5:7-г уншина).

^ д/м 6 Ионагийн үед Израйлын 10 овогт хаант улсын нийслэл Самари хот 20 000–30 000 хүн амтай байжээ. Энэ нь Ниневегийн оршин суугчдаас ойролцоогоор 4 дахин бага гэсэн үг. Ниневе хөгжин цэцэглэж байхдаа дэлхийн хамгийн их хүн амтай хот байсан бололтой.

^ д/м 8 Мал сүрэгтээ таар өмсүүлсэн нь хачин санагдаж болох ч эрт үед ийм заншил байжээ. Жишээлбэл Персүүд алдартай жанжныхаа хойноос эмгэнэн гашуудахдаа мал сүрэгтээ таар өмсгөснийг Грекийн түүхч Геродот тэмдэглэн үлдээжээ.

^ д/м 20 Ниневечүүд Бурхны тогтоосон хэм хэмжээг мэддэггүй учраас тэднийг «баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй» хүмүүс гэжээ.