Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тэрээр Бурхныхаа хүчээр тайвширсан

Тэрээр Бурхныхаа хүчээр тайвширсан

1, 2. Елиагийн амьдралд ямар гайхамшигтай явдал тохиолдсон бэ?

ЕЛИА Иезреел рүү гүйсээр байлаа. Бороо асгарч, орчин тойрныг харанхуй нөмрөв. Энэ зөнч хол замыг туулна. Нас ахисан хэдий ч «ЭЗЭНий мутар» хамт байгаа учраас эцэж цуцахыг үл мэднэ. Ийм эрч хүчийг амьдралдаа хэзээ ч мэдэрч үзээгүй билээ. Тэрээр Ахаб хааны морин тэргийг гүйцсэн шүү дээ (Хаадын дээд 18:46-г уншина).

2 Бодолд автсан Елиа бороонд норж байгаагаа ч анзаарахгүй гүйнэ. Амьдралд нь тохиосон хамгийн гайхамшигтай өдрийг бодохгүй байж яахин чадах билээ дээ. Энэ өдөр ялалтын өдөр байлаа. Ехова Бурхан нь цорын ганц жинхэнэ Бурхан гэдгээ баталж, цэвэр шүтлэгийг хамгаалсан юм. Елиа Кармел ууланд Еховагийн агуу хүчээр Баалын шүтлэгийг бут цохисон ажээ. Баалын 450 эш үзүүлэгчийн бузар булайг илчилж, устгасан билээ. Нутгийг нь гурван жил зургаан сар нэрвэсэн ган гачгийг арилгаж өгөхийг Еховагаас гуйж залбирав. Ехова ч залбиралд нь хариулж бороо оруулжээ! (Х.дээд 18:18–45).

3, 4. а) Елиа Иезреел руу явж байхдаа бүх юм сайхан болно гэж яагаад найдсан байж болох вэ? б) Бид ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

3 Елиа Иезреел хүртэлх 30 километр замыг туулж явахдаа бүх юм сайхан болно гэж найдсан биз ээ. Ахаб Еховагийн хүчийг нүдээрээ үзсэн юм чинь өөрчлөгдөх нь гарцаагүй! Баалыг шүтэхээ больж, Иезебелийг хатны суудлаас нь зайлуулж, Еховагийн үйлчлэгчдийг хавчихаа болино гэж Елиа боджээ.

«Елиа ... Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров»

4 Бүх юм санаснаар болж байгаа юм шиг санагдах үед сэтгэл санаа өөдрөг байдаг. Амьдрал гэрэл гэгээтэй болж, хамгийн том асуудал ч шийдэгдсэн мэт санагддаг. Елиад ч бас тэгж санагдсан байж мэднэ. Тэрээр «бидэн шиг л хүн байсан» шүү дээ (Яак. 5:17). Гэтэл Елиагийн найдаж явсан бүхэн нь талаар болжээ. Хэдхэн цагийн дараа айдаст автаж, дарамтанд орж, үхэхийг хүсжээ. Елиад юу тохиолдов оо? Урам зоригтой,  бат итгэлтэй болоход нь Ехова хэрхэн тусалсан бэ? Энэ тухай үзье.

Санаанд оромгүй явдал

5. Кармел уулан дээр болсон явдлыг хараад Ахаб Еховагаас эмээдэг болсон уу? Тайлбарлана уу.

5 Ахаб хаан Иезреел дэх ордондоо ирлээ. Тэрээр гэмшиж өөрчлөгдсөн болов уу? «Елиагийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх эш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчин алсан зэргийг Ахаб Иезебелд ярьж өгчээ» (Х.дээд 19:1). Ингэж ярихдаа Елиагийн Бурхан Еховагийн тухай дурдаагүйг анхаарууштай. Ахаб аливаад Бурхны биш, хүний үзлээр ханддаг байсан учраас тухайн өдөр болсон гайхамшигтай явдлыг «Елиагийн хийсэн» юм гэж боджээ. Тэгэхлээр Ахаб Еховагаас эмээгээгүй байх нь ээ. Өшөө хорслоор буцалсан эхнэр нь юу хийх бол?

6. Иезебел Елиаг юу гэж сүрдүүлсэн бэ?

6 Иезебел галзууртлаа уурлажээ! Тэрээр Елиа руу хүн илгээж «Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс аваг» гэлээ (Х.дээд 19:2). Энэ нь хоосон сүрдүүлэг байгаагүй юм. Иезебел Баалын эш үзүүлэгчдийн өшөөг авч Елиаг маргаашийн дотор ална гэж амиараа тангараглажээ. Елиаг шуургатай шөнө Иезреел дэх жижигхэн сууцандаа амарч байна гээд төсөөл дөө. Тэгтэл Иезебелийн зарлага ирж хатныхаа сүрдүүлгийг дуулгахад түүнд ямар санагдсан бол оо?

Цөхрөнгөө барж, айдаст автсан

7. Иезебелийн сүрдүүлгийг сонсоод Елиа яасан бэ?

7 Елиа Баалын шүтлэгийг бүрмөсөн устгачихлаа гэж баярлаж байсан биз ээ. Гэтэл ганцхан хормын дотор баяр хөөр нь айдас түгшүүрээр солигдлоо. Иезебел огтхон ч өөрчлөгдсөнгүй. Еховад үнэнч олон зөнч түүний тушаалаар цаазлуулчихаад байсан. Харин одоо Елиагийн ээлж иржээ. Иезебелийн сүрдүүлгийг сонсоод Елиа яасан бэ? Тэрээр «айн босжээ» гэж Библид бий. Елиа Иезебелийн гарт яаж тамлагдан зовох бол гэж бодсон уу? Хэрэв тийм бодолд автсан бол айж түгшсэн нь лавтай. Юутай ч, Елиа «амиа аврахаар зугтжээ» (Х.дээд 18:4; 19:3).

Санаа зовоож буй асуудлаа л бодоод байвал зориг мохох аюултай

8. а) Петр Елиа хоёрт ямар төстэй явдал тохиолдсон бэ? б) Елиа Петр хоёроос ямар сургамж авах вэ?

8 Елиаг айдас хүйдэст автсанд бид гайхдаггүй. Еховагийн  бусад үнэнч үйлчлэгчид ч айдаст автаж байсан удаатай. Жишээ нь элч Петр усан дээгүүр Есүс рүү алхаж явахдаа «салхи хараад» айсандаа живж эхэлдэг (Матай 14:30-ийг уншина). Елиа Петр хоёрын жишээ бидэнд их сургамжтай. Санаа зовоож буй асуудлаа л бодоод байвал зориг мохох аюултай. Бид хүч чадал, найдварынхаа Эх булаг Еховад хамаг анхаарлаа хандуулах нь зүйтэй.

«Одоо хангалттай»

9. Елиа ямархуу байдалтай зугтаж явааг дүрслэн хэлнэ үү.

9 Елиа айсандаа баруун өмнөд зүгт орших Беершеба хот руу зугтжээ. Энэ хот нь Иезреелээс 150-аад километр зайтай бөгөөд Иудагийн өмнөд хилтэй ойрхон байв. Тэрээр зарцаа Беершебад үлдээгээд өөрөө цөл рүү явжээ. «Өдөржингөө алхсан» гэж бичсэнийг бодвол өглөө эрт гарсан бололтой. Идэж уух юм авч явсангүй. Айж хулчийн, гуньж гутарсан тэрээр төөнөм халуун наранд арай ядан алхана. Нар жаргаж тэнгэрийн хаяа улайрчээ. Елиагийн хүч тэнхээ нь барагдаж «нэгэн арц модны доор суув». Зах хязгаар нь харагдахгүй эзгүй цөлд цорын ганц хоргодох газар нь энэ байлаа (Х.дээд 19:4).

10, 11. а) Елиа өөрийгөө «эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй» гэсэн нь ямар утгатай вэ? б) Бурхны олон үнэнч үйлчлэгч сэтгэлээр унаж байсныг догол мөрд дурдсан Библийн зүйлүүдийг ашиглан тайлбарлана уу.

10 Елиа цөхрөнгөө барж, бүр үхэхийг хүсжээ. «Би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй» хэмээн залбирав. Эцэг өвгөд нь аль хэдийн тоос шороонд шингэж, бусдын төлөө юу ч хийж чадахгүй болсон байлаа (Ном. 9:10). Елиа ч бас өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон гэж боджээ. Тийм учраас «Одоо хангалттай. ... Миний амийг аваач» хэмээн залбирсан.

11 Бурханд үйлчилдэг хүн ингэтлээ гуньж гутарсанд гайхах хэрэггүй. Ребека Иаков Мосе Иов гээд Бурханд үнэнч өөр олон хүн сэтгэлээр унаж, үхэхийг хүсэж байсныг Библид тэмдэглэн үлдээжээ (Эх. 25:22; 37:35; Тоол. 11:13–15; Иов 14:13).

12. Гуньж гутарсан үедээ Елиаг хэрхэн дуурайх вэ?

12 Өнөөгийн «хэцүү цагт» олон хүн, тэр байтугай Бурхны үнэнч үйлчлэгчид ч гуньж гутардаг (2 Тим. 3:1). Дааж давшгүй мэт санагдсан бэрхшээл тулгарвал Елиаг дуурайн сэтгэлээ  уудлан Бурханд залбираарай. Ехова бол «ямар ч үед тайвшруулдаг Бурхан» шүү дээ (2 Коринт 1:3, 4-ийг уншина). Ехова Елиаг яаж тайвшруулсан бэ?

Ехова зөнчдөө тусалсан

13, 14. а) Ехова гуньж гутарсан зөнчдөө хэрхэн тусалсан бэ? б) Ехова үйлчлэгч нэг бүрээ сайн мэддэг гэж бодохлоор яагаад тайвширдаг вэ?

13 Модны доор хэвтээд үхэхийг хүсэж буй хайртай зөнчөө Ехова хараад яасан бол? Библид хариу нь бий. Елиаг нам унтсаны дараа тэнгэрийн элчээ явуулжээ. Тэнгэрийн элч түүнд зөөлөн хүрч, сэрээгээд «Бос, идэгтүн» гэлээ. Елиа тэнгэрийн элчийн өгсөн халуун талхыг идэж, ус уув. Зөнч баярлаж талархснаа илэрхийлсэн үү? «Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв» гэж Библид байдаг. Ярих тэнхэлгүй болтлоо цөхөрсөн юм болов уу? Ямартай ч, тэнгэрийн элч хоёр дахь удаагаа зөнчийг сэрээжээ. Үүр цайж байсан бололтой. Тэрээр Елиад «Босоод идэж ав» гэжээ. Тэгээд цааш нь «Энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм» гэсэн хачирхалтай үг хэлэв (Х.дээд 19:5–7).

14 Тэнгэрийн элч хаашаа явахыг нь Бурхнаас мэдсэн байлаа. Бас өөрийнхөө хүчээр энэ аяллыг үргэлжлүүлж чадахгүйг нь ойлгож байв. Ехова бидний хүсэл зорилго, хэр чадлыг хамгийн сайн мэддэг. Ийм Бурханд үйлчилдэг гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! (Дуулал 103:13, 14-ийг уншина). Елиа тэр хоолыг идээд хүч тэнхээтэй болсон уу?

15, 16. а) Елиа Еховагийн өгсөн хоолны ачаар юу хийж чадсан бэ? б) Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ? Үүнд нь яагаад талархах хэрэгтэй вэ?

15 «Тэрээр босоод, идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр, дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа» гэж Библид байдаг (Х.дээд 19:8). Елиа 40 өдөр 40 шөнө мацаг барьсан байх нь ээ. Елиагаас 600-аад жилийн өмнө Мосе, 1 000-аад жилийн дараа Есүс бас тийн мацаг барьж байв (Ег. 34:28; Лук 4:1, 2). Елиа «тэр хоолыг» идээд бүх бэрхшээл нь арилчихаагүй. Гэлээ ч Ехова түүнд ер бусын хүч өгсөн юм. Нас дээр гарсан Елиа зам харгуй байхгүй цөлөөр 40 хоног явган явсан гээд бод доо!

16 Ехова одоо ч үйлчлэгчдэдээ санаа тавьж, тусалж дэмждэг. Гайхамшгаар хоол унд өгдөггүй ч өөртэй нь дотносон нөхөрлөхөд тустай бүхнээр хангадаг (Мат. 4:4). Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлээр дамжуулан өөрийгөө таниулдаг учраас бид Бурхандаа үнэнчээр үйлчлэх хүч  тэнхээтэй болдог. Еховагийн өгдөг бүхнийг хүртсэн ч асуудлууд шууд шийдэгдэхгүй байж мэднэ. Гэхдээ бид дааж давшгүй бэрхшээлтэй тулгарлаа ч тэвчиж чадна. Бас «мөнхийн амьтай» болно (Ёох. 17:3).

17. Елиа хаашаа явсан бэ? Тэр газар юугаараа онцгой байсан бэ?

17 Елиа бараг 320 километр замыг явган туулж Хореб (буюу Синаи) ууланд хүрчээ. Энэ бол түүхт газар билээ. Олон жилийн өмнө, шатаж буй бутан дундаас Ехова тэнгэрийн элчээрээ дамжуулан Мосетой ярьсан. Бас израйлчуудтай Хуулийн гэрээг энд байгуулсан. Елиа энэ ууланд ирээд нэгэн агуйд хоргодлоо.

Ехова зөнчөө тайвшруулж, зоригжуулсан

18, 19. а) Тэнгэрийн элч Елиагаас ямар асуулт асуусан бэ? Елиа юу гэж хариулсан бэ? б) Елиа ямар гурван шалтгаанаас болж сэтгэлээр унасан бэ?

18 Елиаг Хореб ууланд байхад Ехова «үгээ» тэнгэрийн элчээрээ хэлүүлсэн бололтой. Тэрээр: «Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ?» хэмээн аядуу зөөлнөөр асуусан учраас Елиа сэтгэлээ уудлан ярьсан биз ээ. «Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна» гэв (Х.дээд 19:9, 10). Сэтгэлээр унах болсон гурван шалтгааныг нь дээрх үгнээс мэдэж болдог.

19 Нэгд, хийж бүтээсэн зүйл нь дэмий хоосон байсан гэж Елиа боджээ. Еховагийн ариун нэр, цэвэр шүтлэгийг бүхнээс эрхэмд үзэж «маш их зүтгэсээр» ирсэн ч Израйлын байдал бүр дордсон байлаа. Элэг нэгтнүүд нь тэрслүү зангаа орхисонгүй. Хуурамч шашин улам дэлгэрчээ. Хоёрт, Елиа ганцаарджээ. «Одоо ганцхан би л үлдээд байна» гэж хэлснийг үзвэл Еховаг шүтдэг хүн элэг нэгтнүүдээс нь ганц ч үлдээгүй мэт санагджээ. Гуравт, айдаст автсан. Үнэнч олон зөнч амиа алдсан учраас одоо өөрийнх нь ээлж ирсэн гэж боджээ. Энэ бүхнээ илэн далангүй хэлэх нь Елиад амаргүй байсан биз ээ. Гэхдээ тэрээр айж ичин, бардам загналгүй, бодлоо ний нуугүй хэлсэн. Сэтгэлээ уудлан Бурханд залбирахын сайхан жишээ үзүүлсэн Елиаг дуурайцгаая (Дуу. 62:8).

20, 21. а) Хореб уулын агуйн аман дээр Елиа юу үзсэн бэ? б) Байгалийн эдгээр үзэгдэл Елиад юуг ойлгуулсан бэ?

20 Айж түгшин, сэтгэлээр унасан зөнчөө Ехова хэрхэн  тайвшруулсан бэ? Тэнгэрийн элч Елиад агуйн аман дээр зогс гэж хэлэв. Елиа юу болохыг мэдэхгүй байсан ч хэлсэн ёсоор нь хийлээ. Гэнэт догшин шуурга болов! «Уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн бутласныг» бодвол чих дөжирөм нүргэлэх чимээ гарсан биз ээ. Елиа сандарч, арьсан нөмрөгөөрөө нүүрээ халхлах гэж оролдоно. Тэгтэл тэнгэр газрыг доргитол газар хөдлөх нь тэр. Елиа уначихгүйн тулд тэнцвэрээ олох гэж хичээж байтал гал гарлаа. Галын дөлнөөс зугтан агуй руу оржээ (Х.дээд 19:11, 12).

Ехова агуу хүчээ ашиглан Елиаг тайвшруулж зоригжуулсан

21 Байгалийн эдгээр хүчтэй үзэгдлийн алиных нь ч дотор «ЭЗЭН байсангүй» гэж Библид бий. Еховаг Баал мэтийн учир битүүлэг, байгалийн бурхан биш гэдгийг Елиа мэддэг байв. Баалыг «үүл хөлөглөгч» буюу бороо оруулдаг бурхан гэж хүмүүс боддог байсан. Харин Ехова бол байгалийн бүх үзэгдлийн Эх булаг төдийгүй бүх бүтээлээсээ агуу билээ. «Дээд тэнгэр ч Таныг багтааж чадахгүй» гэж Библид байдаг (Х.дээд 8:27). Иезебелээс айсан Елиад байгалийн эдгээр үзэгдэл юуг ойлгуулсан бэ? Төгс хүчит Ехова Бурхан хамт байгаа тул Ахаб Иезебел хоёроос айх шаардлагагүй байлаа (Дуулал 118:6-г уншина).

22. а) Ехова зөнчөө үнэлж эрхэмлэдгээ хэрхэн илэрхийлсэн бэ? б) Хэн «намуун хүнгэнэх дуугаар» ярьсан байж болох вэ? (Зүүлт үзнэ үү).

22 Гал унтарсны дараа нам гүм боллоо. «Намуун хүнгэнэх дуу» гарч Елиагаас асуулт асуув. * Елиа дахин сэтгэлээ уудалж, юунаас болж шаналж байгаагаа дотроо онгойтол ярилаа. Тэгтэл «намуун хүнгэнэх дуу» дахин гарч түүнийг бүр ч их тайвшруулав. Ехова Елиаг үнэлж эрхэмлэдгээ илэрхийлжээ. Яаж? Баалын шүтлэгийг Израйлаас хэрхэн устгах гэж байгаагаа мэдэгдсэн. Елиа үүнийг мэдээд, хийсэн бүхэн нь дэмий хоосон байгаагүйг ойлгосон нь лавтай. Бас Еховагаас  нарийн ширийн заавар аваад цаашдаа ч зөнчөөр үйлчлэхээ ойлгожээ (Х.дээд 19:12–17).

23. Ганцаардлаа даван туулахад нь Ехова Елиад яаж тусалсан бэ?

23 Ганцаардлаа даван туулахад нь Ехова Елиад яаж тусалсан бэ? Нэгдүгээрт, Елишаг зөнчөөр тослохыг түүнд тушаав. Тэрээр Елиагийн залгамж халааг авах хүн байлаа. Елиша хамтран зүтгэгч нь болж, олон жил тус дэм болох ажээ. Үүнийг сонсоод Елиа ямар их тайвширсан бол! Хоёрдугаарт, Ехова нэгэн гайхалтай мэдээ хэлэв. «Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм» гэжээ (Х.дээд 19:18). Елиа ганцаараа байгаагүй. Баалыг шүтээгүй олон мянган хүн байгааг сонсоод маш их баярласан нь дамжиггүй. Тэрээр цаашдаа ч Ехова Бурхандаа үнэнч байж, тэдэнд үлгэр дуурайл болох учиртай байлаа. «Намуун хүнгэнэх дуугаар» ярьсан Еховагийн элчийн үгийг сонсоод Елиагийн сэтгэл хөдөлсөн нь лавтай.

Бид сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог бол Библи бидний хувьд «намуун хүнгэнэх дуу» мэт болно

24, 25. а) Еховагийн «намуун хүнгэнэх дууг» орчин үед хэрхэн сонсох боломжтой вэ? б) Елиа тайвширсан гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

24 Бид байгалийн хүчийг хараад Елиа шиг биширдэг. Бишрэхгүй байхын ч аргагүй шүү дээ. Яагаад гэвэл Еховагийн бүтээл агуу хүчийг нь тусган харуулдаг (Ром 1:20). Ехова одоо ч агуу хүчээ ашиглан үнэнч үйлчлэгчдэдээ тусалдаг (Ш.дэд 16:9). Харин Үг буюу Библиэрээ дамжуулан бидэнтэй ярьдаг (Исаиа 30:21-ийг уншина). Бид сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог бол Библи бидний хувьд «намуун хүнгэнэх дуу» мэт болно. Ехова Библиэр дамжуулан заавар зөвлөгөө, урам зориг өгч, хайр халамжаа илэрхийлдэг.

25 Ехова Хореб ууланд зөнчөө тайвшруулахын тулд янз бүрийн зүйл хийсэн. Елиа үүнд нь тайвширсан уу? Тэгэлгүй яах вэ! Тэрээр Бурхандаа урьдынх шигээ эр зоригтой, идэвх зүтгэлтэй үйлчилж, цэвэр шүтлэгийн төлөө тууштай тэмцсэн. Бурхны Үг «биднийг тайвшруулдгийг» санаж, бат итгэлтэй Елиаг дуурайж явцгаая! (Ром 15:4).

^ д/м 22 Хэн «намуун хүнгэнэх дуугаар» ярьсан байж болох вэ? Хаадын дээд 19:9-т дурдсан «ЭЗЭНий үгийг» дамжуулахаар Елиа руу ирсэн тэнгэрийн элч байсан байж болох юм. 15-р зүйлд түүнийг «ЭЗЭН» гэжээ. Энэ нь израйлчуудыг цөлөөр дагуулан явсан тэнгэрийн элчийг санагдуулдаг. Ехова: «Миний нэр түүний дотор байгаа» гэж хэлсэн шүү дээ (Ег. 23:21). Тэр тэнгэрийн элч хэн байсныг бид тодорхой мэдэхгүй ч нэг зүйлийг онцлон тэмдэглүүштэй. Есүсийг «Үг» гэсэн байдаг. Тэрээр дэлхийд ирэхээсээ өмнө Еховаг төлөөлж үйлчлэгчидтэй нь ярьдаг онцгой Төлөөлөгч нь байжээ (Ёох. 1:1).