Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 ДОЛООДУГААР БҮЛЭГ

Тэрээр «ЭЗЭНий өмнө өсөн торнив»

Тэрээр «ЭЗЭНий өмнө өсөн торнив»

1, 2. Самуел ард түмнээ ямар үед цуглуулсан бэ? Тэдэнд юуг ухааруулах хэрэгтэй болсон бэ?

САМУЕЛ ард түмнээ харан зогсоно. Хэдэн арван жил зөнч, шүүгчээр үйлчилсэн тэрээр ард түмнээ Гилгал хотод цуглуулаад байгаа нь энэ ажээ. Израйлд 5 юм уу 6 сард хуурай улирал эхэлчихсэн байдаг байв. Улаан буудай шаргалтан, хураахад бэлэн болжээ. Хурсан олон Самуелын ярихыг хүлээн зогсоцгооно. Самуел тэдний зүрх сэтгэлийг хэрхэн хөндөх бол?

2 Израйлчууд ямар ноцтой алдаа гаргаснаа ойлгохгүй байлаа. Тэд хүмүүн хаантай болохыг хүсжээ. Энэ нь Ехова Бурхандаа, томилсон зөнчид нь хүндэтгэлгүй хандсан хэрэг байв. Угтаа бол Еховаг Хаанаа байлгахыг хүсээгүй юм! Самуел тэдэнд алдааг нь яаж ухааруулах вэ?

Итгэлээ бэхжүүлж муу нөлөөнд автаагүй балчир Самуелаас сурах юм их бий

3, 4. а) Самуел яагаад залуу насныхаа тухай ярьсан бэ? б) Бат итгэлтэй Самуелын жишээ бидэнд ямар ач холбогдолтой вэ?

3 Зөнч Самуел ард түмэндээ хандаж «Би өтөлж, үс минь бууралтлаа» гэв. Настан буурлынхаа үгийг элэг нэгтнүүд нь анхааралтай сонсоно. «Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа» хэмээн цааш нь ярив (1 Сам. 11:14, 15; 12:2). Самуелын сэтгэлд залуу насных нь дурсамж тодхон байлаа. Хүүхэд байхдаа Еховад үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэний ачаар өнөөг хүртэл бат итгэлтэй, чин үнэнч явж иржээ.

4 Самуел итгэлээ байнга бэхжүүлдэг байв. Тийм учраас эргэн тойрныхоо үнэнч бус хүмүүсийн нөлөөнд автаагүй. Өнөө үед Бурханд итгэдэггүй хүмүүс олширсон тул үргэлж бат итгэлтэй  байх нь амаргүй билээ (Лук 18:8-ыг уншина). Тэгвэл бид Самуелаас юу сурах вэ? Эхлээд бага насных нь тухай авч үзье.

«Балчир хөвгүүн ... ЭЗЭНий өмнө үйлчилж байв»

5, 6. Самуелын хүүхэд нас юугаараа онцгой байсан бэ? Елкана Ханна хоёр, хүүгээ хайр халамжаар дутахгүй гэдэгт яагаад итгэлтэй байсан бэ?

5 Самуелын бага нас онцгой байлаа. Эцэг эх нь түүнийг хөхнөөс гарангуут нь Шилод байдаг Еховагийн мөргөлийн асарт авчирч өгчээ. Тэр үед Самуел гуравтай байсан бололтой. Шило хот гэрээс нь 30 гаруй километр зайтай байв. Елкана Ханна хоёр, хүүгээ насан туршид нь назир болгохоор Еховад зориулжээ. * Тэгвэл Самуел эцэг эхдээ хаягдсан гэсэн үг үү?

6 Яалаа гэж дээ! Хүү нь Шилод амьдрахдаа хайр халамжаар дутахгүй гэдгийг Елкана Ханна хоёр мэдэж байв. Самуел тэргүүн тахилч Елид тусалж, байнга хамт байдаг байсан учраас Ели түүнд санаа тавьдаг байжээ. Мөргөлийн асарт үйлчилдэг эмэгтэйчүүд бас түүнийг хайрлаж халамжилдаг байлаа (Ег. 38:8; Шүү. 11:34–40).

7, 8. а) Эцэг эх нь Самуелыг жил бүр хэрхэн баярлуулдаг байсан бэ? б) Эцэг эхчүүд Ханна Елкана хоёроос юу сурах вэ?

7 Елкана Ханна хоёр залбирлынхаа хариу болсон хайртай хүүгээ яаж мартах вэ дээ! Ханна хүүтэй болбол хүүгээ насан туршид нь асарт үйлчлүүлнэ гэж Бурханд амласан шүү дээ. Жил бүр ханцуйгүй хүрэм авчирч өгөхөд хүү нь хэчнээн их баярладаг байсан бол оо! Мөргөлийн асарт Еховад үйлчлэх нь онцгой завшаан гэдгийг ээж ааваасаа үргэлж сонсдог байсан биз ээ. Самуел тэднийхээ магтаалын үгэнд урамшиж, захиас сургамжийг нь дуртайяа дагадаг байжээ.

8 Эцэг эхчүүдэд Ханна Елкана хоёроос сурах юм их бий. Өнөө үед эцэг эхчүүд хүүхдээ Еховатай дотно болгохыг бус, материаллаг хэрэгцээг нь хангахыг зорьдог болжээ. Харин Самуелын эцэг эх гэр бүлээ Бурхантай дотно байлгахыг бүхнээс илүүд үздэг байв. Үүний ачаар Самуел Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг хүн болсон (Сургаалт үгс 22:6-г уншина).

9, 10. а) Мөргөлийн асрыг дүрслэн хэлнэ үү. Самуел мөргөлийн асрын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ? (Зүүлт үзнэ үү). б) Самуел ямар даалгавар биелүүлдэг байсан бэ? Хүүхэд багачууд Самуелыг яаж дуурайж болох вэ?

9 Самуел өсөж томроод Шилогийн эргэн тойрны толгод дээр  гардаг байсан биз ээ. Тэндээс хотыг ажиглан суухдаа Еховагийн мөргөлийн асрыг хараад сэтгэл нь догдолж, өөрийн эрхгүй бахархана! Энэ бол ариун газар байлаа. * Мосегийн удирдлагаар, 400 орчим жилийн өмнө баригдсан энэ асар цэвэр шүтлэгийн цорын ганц төв байсан юм.

10 Жаал хүү мөргөлийн асрыг хайрлаж өсжээ. Хожим нь өөрийнхөө тухай «Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв» хэмээн бичжээ (1 Сам. 2:18). Маалинган ефод буюу ханцуйгүй хүрэм өмсөөд Еховад үйлчилдэг байсныг нь бодож үзвэл тахилчдад тусалдаг байжээ. Тэрээр тахилчийн удмын хүн биш байсан ч өглөө бүр асрын хашааны хаалгыг онгойлгож, настай Елид туслах зэргээр олон үүрэг гүйцэтгэдэг байв. Авсан даалгавраа баяр хөөртэй биелүүлдэг байсан ч яваандаа бяцхан зүрх нь шаналах болжээ. Еховагийн асарт байж болшгүй хэрэг гарч байлаа.

Эргэн тойрныхоо хүмүүсийн муу нөлөөнд автаагүй

11, 12. а) Хофни Финехас хоёр үл бүтэх хүмүүс байсны гол шалтгаан юу вэ? б) Хофни Финехас хоёр мөргөлийн асарт ямар бузар булай хэрэг хийдэг байсан бэ? (Зүүлт үзнэ үү).

11 Самуел бага байхдаа бузар булай, ёс бус явдлыг нүдээрээ үзжээ. Елид Хофни, Финехас гэдэг хоёр хүү байв. «Елийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв» гэж Библид бий (1 Сам. 2:12). Еховаг «мэддэггүй» буюу хүндэлдэггүй юм чинь үл бүтэх хүмүүс байх нь аргагүй шүү дээ. Тэд Еховагийн тогтоосон хэм хэмжээ, хууль тушаалыг юман чинээ боддоггүй байв. Үүнээсээ болоод янз бүрийн ноцтой нүгэл үйлджээ.

12 Тахилч ямар үүрэгтэйг, мөргөлийн асарт тахил өргөхдөө яах ёстойг Мосегийн Хуульд нэг бүрчлэн заажээ. Энэ нь нарийн учиртай байв. Бурхан тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг уучилдаг байжээ. Нүглээ уучлуулсан хүн Бурхнаар удирдуулж, сайшаалыг нь хүлээдэг байв. Гэтэл  бусад тахилчид Хофни Финехас хоёрын муу нөлөөнд автаж тахилд хүндэтгэлгүй ханддаг болжээ. *

13, 14. а) Тахилчдын бузар булай явдал хүмүүст яаж нөлөөлсөн бэ? б) Ели тэргүүн тахилч, эцэг хүний үүргээ биелүүлээгүй нь юунаас харагддаг вэ?

13 Ийм жигшүүрт хэргийг таслан зогсоохгүй байгааг хараад балчир хөвгүүн Самуел итгэж ядсан байх. Ядуу зүдүү, даруу төлөв, зовж шаналсан хүмүүс Бурхны асарт ирээд тайвширч, урам зориг орох нь битгий хэл, бүр доромжлуулж, урам нь хугараад буцна. Үүнийг Самуел хэчнээн олон удаа харсан бол оо! Бас Хофни Финехас хоёр ёс суртахууны талаарх Еховагийн тогтоосон хэм хэмжээг уландаа гишгэж, асарт үйлчилдэг зарим эмэгтэйтэй садар самуун үйлддэгийг мэдээд яасан бол? (1 Сам. 2:22). Самуел Елиг арга хэмжээ авна гэдэгт итгэж байсан биз ээ.

Елийн үл бүтэх хөвгүүдийг Самуел хараад шаналдаг байсан

14 Энэ бузар булай явдлыг Ели л зогсоож чадах байв. Тэргүүн тахилчийн хувьд мөргөлийн асрыг хариуцаж, эцэг хүний хувьд хоёр хүүгээ сахилгажуулах ёстой байсан. Хөвгүүд нь өөрсдөдөө ч өрөөлд ч асар их гай тарьж байлаа. Гэхдээ Ели тэргүүн тахилч, эцэг хүний үүргээ гүйцэтгэж чадаагүй. Хоёр хүүгээ зэмлэсэн болоод өнгөрчээ (1 Самуел 2:23–25-ыг уншина). Үхлийн ял авахаар ноцтой нүгэл үйлдсэн Хофни Финехас хоёрыг хатуу шийтгэх ёстой байсан юм!

15. Ехова Елид юу гэж хэлсэн бэ? Үүнийг сонсоод Елийн гэр бүл гэмшсэн үү?

15 Асарт гарч буй завхрал дээд цэгтээ тулсан учир Ехова нэгэн зөнчөө Ели рүү илгээн шийтгэх гэж байгаагаа хэлжээ. Ехова Елид «[Чи] яагаад ... өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?» гэжээ. Тэгээд хөвгүүд нь хоёулаа нэг өдөр үхэхийг, гэр бүлээрээ зовохыг, тэр байтугай тахилч байх хосгүй завшаанаа алдахыг нь зөгнөжээ. Үүнийг сонсоод Ели болон хөвгүүд нь гэмшсэн үү? Тэднийг гэмшсэн тухай Библид байдаггүй (1 Сам. 2:27—3:1).

16. а) Балчир хөвгүүн Самуелын талаар Библид юу гэж байдаг вэ? б) Самуелын тухай уншаад таны сэтгэл хөдөлдөг үү? Яагаад?

16 Энэ бүхэн балчир хөвгүүн Самуелд яаж нөлөөлсөн бэ? Эргэн  тойронд нь бузар булай явдал газар авсан ч Самуел зөв хүмүүжиж, ахиц дэвшил гаргаж байлаа. Түүнийг «ЭЗЭНий өмнө үйлчилж байв» гэж 1 Самуел 2:18-д байдаг. Бага байхаасаа л Бурханд үйлчлэхийг гол зорилгоо болгожээ. 21 дүгээр зүйлд «Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив» гэж бичсэн байдаг. Өсөж томрохын хэрээр тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотно болжээ. Ехова Бурхантай дотно хүн ямар ч бузар булай зүйлээс хол байж чаддаг.

17, 18. а) Хүүхэд залуус Самуелыг яаж дуурайх вэ? б) Самуел Еховад тууштай, үнэнч үйлчлээд ямар ивээл хүртсэн бэ?

17 Тэргүүн тахилч болон хөвгүүд нь нүгэл үйлдэж байгаа юм чинь би ч гэсэн хүссэн бүхнээ хийж болно гэж Самуел бодоогүй. Бид бусдыг, түүний дотор хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг нүгэл үйлдлээ гэхэд тэдний нөлөөнд автах учиргүй. Өнөөдөр Самуелыг дуурайдаг хүүхэд залуус олон бий. Эргэн тойронд нь үлгэр дуурайл болчихоор хүн байхгүй ч тэд «ЭЗЭНий өмнө өсөн торних» буюу Еховатай дотно байдаг.

18 Самуел Еховад тууштай, үнэнч үйлчлээд ямар ивээл хүртсэн бэ? «Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав» (1 Сам. 2:26). Тэрээр бусдын, ялангуяа дотны хүмүүсийнхээ хайрыг булаасан хүү байжээ. Ехова үнэнч, тууштай Самуелыг маш их хайрладаг байв. Шилод болж буй бузар булай, ёс бус явдлыг Бурхан нэг л өдөр арилгана гэдгийг Самуел мэдэж байлаа. Энэ өдөр хэзээ ирэх бол гэж бодож байсан биз ээ. Нэгэн шөнө энэ асуултынхаа хариуг авчээ.

 «Айлдаж хайрла. Боол тань сонсож байна»

19, 20. а) Нэгэн шөнө Самуелд юу тохиолдсоныг дүрслэн хэлнэ үү. б) Самуел Елид яаж ханддаг байсан бэ? Хэн дуудсаныг Самуел яаж мэдсэн бэ?

19 Үүрийн бүрэнхийд асрын дэнлүү сүүмэлзэж байлаа. Самуелыг унтаж байтал хүн дуудах шиг болов. Нас ахиж яваа, хараа муутай болсон Елиг гэж бодоод түүн рүү «гүйн очжээ». Елид туслахаар хөл нүцгэн гүйж яваа жаал хүүг төсөөл дөө. Самуел Елиг хүндэлж, санаа тавьдаг байсныг онцлууштай. Ели нүгэл үйлдсэн ч Еховагийн тэргүүн тахилч хэвээрээ шүү дээ (1 Сам. 3:2–5).

20 Самуел Елиг сэрээж «Та намайг дуудсан тул би энд байна» гэв. Харин Ели: «Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн» гэхэд Самуел хэлснээр нь хийжээ. Ийм явдал дахин дахин давтагдав! Эцэст нь Ели юу болоод байгааг ойлгов. Тухайн үед Ехова ард түмэндээ ер бусын аргаар мэдээ хүргэхээ бараг больсон байлаа. Мөргөлийн асарт завхрал дээд цэгтээ тулсан учраас аргагүй шүү дээ. Харин одоо Ехова Самуелтай ярих гэж дуудсаныг Ели ойлгожээ. Тэгээд дахин дуудвал юу гэж хариулахыг нь зааж өгөв. Самуел ч дуулгавартай дагажээ. Тун удалгүй «Самуел аа, Самуел аа!» гэж дуудахад нь «Айлдаж хайрла. Боол тань сонсож байна» гэж хариуллаа (1 Сам. 3:1, 5–10).

21. Ехова бидэнтэй хэрхэн ярьдаг вэ? Еховаг сонсох нь яагаад чухал бэ?

21 Еховаг сонсох хүсэлтэй, төлөөлөгч нь болчихоор хүн Шилод гарч иржээ. Энэ бол Самуел. Тэрээр насан туршдаа Еховаг анхааралтай сонссон юм. Та яадаг вэ? Ехова өнөө үед ер бусын аргаар ярихгүй л дээ. Гэхдээ өөрийнхөө Үг болох Библиэр дамжуулан бидэнтэй ярьдаг. Бурхныг хэдийчинээ сонсож, үгийг нь хэрэгжүүлнэ итгэл төдийчинээ бэхэжнэ. Самуел үүнийг биеэрээ үзжээ.

Самуел айж байсан ч Еховагийн шүүх мэдээг Елид дамжуулсан

22, 23. а) Самуелын дамжуулсан мэдээ хэрхэн биелсэн бэ? б) Самуел юугаараа алдартай болсон бэ?

22 Шилод болсон тэр явдал Самуелын амьдралд шинэ үүд хаалгыг нээсэн юм. Самуел Еховатай онцгой харьцаа тогтоож зөнч, төлөөлөгч нь болов. Тэрээр Еховагийн хэлснийг Елид дамжуулахаас эхэндээ айж байлаа. Тэдний гэр бүлийг шийтгэх тухай зөгнөл удахгүй биелэх гэж байгааг эцсийн удаа сануулах байв. Гэхдээ Самуел зориг гаргаж мэдээг хүргэв. Ели ч даруу байж, Бурхны шийтгэлийг хүлээн зөвшөөрчээ. Еховагийн зөгнөсөн бүхэн удалгүй биеллээ. Израйлчууд филистчүүдтэй тулалдаж Хофни Финехас хоёр нэг өдөр алуулжээ.  Еховагийн авдар булаагдсаныг мэдээд Ели нас барав (1 Сам. 3:10–18; 4:1–18).

23 Харин Самуел үнэнч зөнч гэдгээрээ алдартай болов. «ЭЗЭН Түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй» гэж Библид бий (1 Самуел 3:19-ийг уншина).

«Самуел ЭЗЭНийг дуудав»

24. Израйлчууд юу хүссэн бэ? Энэ нь яагаад ноцтой нүгэл байсан бэ?

24 Израйлчууд Самуелын сайхан жишээг дагаж Еховатай дотносон, үнэнч болсон уу? Үгүй. Яваандаа тэд зөнчөөр удирдуулахыг хүссэнгүй. Бусад үндэстэн шиг хүмүүн хаантай болохыг хүсжээ. Ехова зөвшөөрсөн учраас Самуел тэдний хүсэлтийг биелүүлэхээр болов. Гэхдээ эхлээд ямар ноцтой нүгэл үйлдсэнийг нь ойлгуулах ёстой байлаа. Тэд жирийн нэг хүнийг бус, Еховаг голсон юм! Тийм учраас Самуел израйлчуудыг Гилгалд цуглуулжээ.

Самуел итгэлтэйгээр залбирсан учраас Ехова аянга цахилгаантай бороо оруулсан

25, 26. Самуел Гилгалд цугласан элэг нэгтнүүддээ ноцтой нүгэл үйлдсэнийг нь хэрхэн ойлгуулсан бэ?

25 Өгүүллийн эхэнд гарсан үйл явдлыг эргэн саная. Нас дээр гарсан Самуел өнөөдрийг хүртэл Еховад хэрхэн үнэнчээр үйлчилж ирснээ хэлэв. Тэгээд «ЭЗЭНийг дуудав» гэж Библид бий. Тэрээр Еховагаас аянга цахилгаантай бороо оруулж өгөхийг гуйжээ (1 Сам. 12:17, 18).

26 Хуурай улиралд аянга цахилгаантай бороо орно гэж үү? Хүмүүс ийн эргэлзэж, шоолсон байлаа ч удалгүй больсон нь лавтай. Цэлмэг тэнгэрт гэнэт үүл хуралдах нь тэр. Улаан буудай хүчтэй салхинд ганхан найгана. Аянга нүргэлж бороо асгалаа. Хүмүүс яасан бэ? «Бүх хүмүүс ЭЗЭН болон Самуелаас маш их айжээ». Ийнхүү тэд ноцтой нүгэл үйлдсэнээ ухаарав (1 Сам. 12:18, 19).

27. Бат итгэлтэй Самуелыг дуурайдаг үйлчлэгчдээ Ехова яаж ивээдэг вэ?

27 Тэрслүү израйлчуудыг ухааруулна гэдэг Самуелын хувьд ярвигтай даалгавар байлаа. Харин Ехова түүнд тусалжээ. Бага балчраасаа өтөл буурал болтлоо бат итгэлтэй байсан Самуелыг Бурхан ийнхүү ивээжээ. Ехова одоо ч өөрчлөгдөөгүй. Самуел шиг бат итгэлтэй бүх үйлчлэгчээ дэмждэг.

^ д/м 5 Назир хүн согтууруулах ундаа хэрэглэхгүй, үсэндээ тонгорог хүргэхгүй гэсэн тангараг өргөдөг байжээ. Ихэнх хүн хэсэг хугацаанд назир болдог байхад Самсон, Самуел, баптисм хүртээгч Иохан зэрэг цөөхөн хүн насан туршдаа назир байжээ.

^ д/м 9 Энэ нь модон баганатай, тэгш өнцөгт хэлбэртэй том асар байжээ. Бүрээсийг нь далайн хавын арьс, урлаж хатгасан даавуу гэх мэтийн хамгийн чанартай материалаар хийжээ. Багануудыг нь алт мөнгөөр бүржээ. Мөргөлийн асрын хашаанд том тахилын ширээ байв. Яваандаа мөргөлийн асрын хажууд тахилч нарт зориулж хэд хэдэн өрөө хийсэн бололтой. Самуел нэг өрөөнд нь амьдардаг байсан биз ээ.

^ д/м 12 Хоёр жишээг авч үзье. Тахилчид өргөлийн аль хэсгийг идэж болохыг Хуульд тодорхой заасан байдаг (Д.хууль 18:3). Гэвч мөргөлийн асарт үйлчилдэг өөдгүй тахилчид Хуулийг зөрчдөг байжээ. Тахилчийн зарц нар «гурван салаа сэрээгээр» тогоотой мах руу хатгаж «сэрээнд зоогдсон бүхнийг» авдаг байв. Хоёрдугаарт, хүмүүсийг тахилын ширээнд өргөлөө шатаахаар ирэхэд тахилчид зарцаа явуулж, Еховад өөхийг өргөхөөс нь өмнө «түүхий махыг» хүчээр авдаг байжээ (Лев. 3:3–5; 1 Сам. 2:13–17).