Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Итгэлийн жишээ

 ГУРАВДУГААР БҮЛЭГ

Итгэдэг бүх хүний эцэг

Итгэдэг бүх хүний эцэг

1, 2. Ноагийн үеэс хойш юу газар авсан бэ? Энэ нь Абрахамд ямар санагдаж байсан бэ?

АБРАХАМ Ур хотоо ажиглан зогсоно. * Пирамид хэлбэртэй сүм нүдэнд нь тусав. Тэнд бум бужигнаж түм түжигнэж, энд тэндгүй утаа суунаглана. Тахилчид сарны бурхныг тахиж байгаа нь тэр. Абрахам толгой сэгсрэн хөмсгөө зангидан гэрийн зүг гэлдрэв. Хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхаж явахдаа хиймэл шүтээнд живсэн Ур хотоо бодон халагласан биз ээ. Хуурамч шашин Ноагийн үеэс хойш газар авчээ!

2 Абрахамыг төрөхөөс 2 жилийн өмнө Ноа нас баржээ. Усан галавын дараа Ноа гэрийнхэнтэйгээ хөвөгч авдраас гармагцаа Ехова Бурханд тахил өргөсөн түүхтэй. Бурхан сайшааж байгаагаа мэдэгдэж тэнгэрт солонго татуулжээ (Эх. 8:20; 9:12–14). Тэр үед хуурамч шашин гэж байгаагүй. Гэтэл Ноагийн арав дахь үеэс эхлэн жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс цөөрч энд тэндгүй хуурамч бурхдыг шүтдэг болжээ. Абрахамын эцэг Тера ч хуурамч шашинтай хүн байлаа. Бүр шүтээн хийдэг байсан бололтой (Иош. 24:2).

Бат итгэлтэй хүн болоход нь Абрахамд юу тусалсан бэ?

3. Абрахам өдөр ирэх тусам юугаараа ялгарах болсон бэ? Тэр нь бидэнд ямар тустай вэ?

3 Абрахам эргэн тойрныхоо хүмүүсээс өөр байсан. Тэрээр Бурханд итгэдгээрээ өдөр ирэх тусам бусдаас ялгарч байлаа. Тийм ч учраас элч Паул түүнийг «итгэдэг ... бүх хүний эцэг» гэжээ (Ром 4:11-ийг уншина). Тийм хүн болоход нь юу тусалсныг мэдэж авцгаая. Энэ нь бат итгэлтэй болоход бидэнд ч тустай.

 Усан галавын дараа Еховад үйлчилсэн нь

4, 5. Абрахам хэнээс Еховагийн тухай мэдсэн байж болох вэ? Яагаад тэгж хэлж болох вэ?

4 Абрахам Ехова Бурхны тухай яаж мэдсэн бэ? Абрахамын үед Еховад үнэнч үйлчилдэг хүмүүс байсан. Тэдний нэг нь Шем. Тэрээр Ноагийн гурван хүүгийн ууган нь биш ч түүнийг эхэлж дурдах нь олонтоо. Шем бат итгэлтэй хүн байсан учраас ийн хэлдэг байсан бололтой. * Усан галав болсны дараа Ноа Еховаг «Шемийн Бурхан» гэжээ (Эх. 9:26). Шем Еховаг хүндэлдэг, цэвэр шүтлэгийг эрхэмлэдэг хүн байсан.

5 Абрахам Шемтэй уулзаж байсан болов уу? Уулзсан байж магадгүй. Абрахам хүүхэд байхдаа өвөг эцэг Шем нь амьд байгааг мэдээд хэчнээн их сэтгэл хөдөлсөн бол оо! Шем дөрвөн зууныг биеэрээ туулсан хүн байлаа. Тэрээр усан галавын өмнөх ёс бус ертөнцийг мэднэ. Бас дэлхийг цэвэрлэсэн усан галавын дараа хүмүүс өсөн нэмэгдэж үндэстнүүд бий болохыг үзсэн. Хожим нь Нимродыг Бабелын цамхгийг барихад Бурхан хүмүүсийн хэлийг хутгалдуулсныг ч мэднэ. Шем үнэнч байсан учраас тэднийхний хэл өөрчлөгдөөгүй. Тэд Ноагийн ярьдаг байсан хэл буюу хүн төрөлхтний анхны хэлээр ярьдаг байв. Абрахам ч тэр хэлээр ярьдаг байжээ. Тэрээр өвөг эцгээ их хүндэлдэг байсан нь лавтай. Шем Абрахамын үед амьд сэрүүн байсан учраас түүнд Еховагийн тухай ярьж өгсөн биз ээ.

Ур хотод газар авсан шүтээнүүдийг Абрахам жигшдэг байсан

6. а) Абрахам усан галав болсны учрыг ойлгодог байсан нь юунаас харагддаг вэ? б) Абрахам Сара хоёрын амьдрал ямар байсан бэ?

6 Ямар ч байсан, Абрахам усан галав яагаад болсныг сайн мэддэг байжээ. Тийм учраас Ноаг дуурайн Бурханд дуулгавартай байсан. Хуурамч шүтээнээс хол байж, Ур хотын бүх хүнээс, тэр байтугай эцэг эх, төрөл садангаасаа өөр байв. Тэрээр сайн эхнэртэй болжээ. Эхнэр Сара нь Еховад  бат итгэдэг, гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. * Абрахам Сара хоёр хүүхэдгүй ч Еховад баяр хөөртэй үйлчилдэг байв. Тэд өнчин дүү Лотыгоо өргөж авсан.

7. Абрахамыг яаж дуурайх вэ?

7 Еховад үнэнч Абрахам Ур хотын хиймэл шүтээнийг хэзээ ч тахиагүй. Абрахам Сара хоёр хиймэл шүтээнд живсэн нийгмийнхнээс эрс өөр байлаа. Бид бат итгэлтэй болъё гэвэл тэднийг дуурайх ёстой. Бусдаас өөр байхаас айх учиргүй. Есүсийн хэлснээр дагалдагчид нь «ертөнцийнхөнтэй адилгүй» учраас үзэн ядагдах ажээ (Ёохан 15:19-ийг уншина). Еховад үйлчилдэг учраас гэрийнхэн тань эсвэл бусад хүн гадуурхдаг бол ганцаараа биш гэдгээ санаарай. Абрахам Сара хоёр ч Еховад үнэнч үйлчилдгээсээ болоод ад үзэгдэж байсан шүү дээ.

«Нутгаасаа гар»

8, 9. а) Абрахамд ямар мартагдашгүй явдал тохиолдсон бэ? б) Ехова Абрахамд ямар мэдээ дуулгасан бэ?

8 Нэгэн өдөр Абрахамд мартагдашгүй явдал тохиолджээ. Ехова Бурхан мэдээ дуулгав! Чухам яаж дуулгасан талаар Библид тодорхой бичээгүй ч Абрахамд «сүр жавхлант Бурхан» үзэгдсэн гэж байдаг (Үйлс 7:2, 3-ыг уншина). Орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзний сүр жавхлангийн өчүүхэн тусгалыг тэнгэрийн элч Абрахамд үзүүлсэн байж болох юм. Амьд Бурхан болон амьгүй шүтээнүүдийн эрс ялгааг Абрахам хараад биширсэн биз ээ.

9 Ехова Абрахамд ямар мэдээ дуулгасан бэ? «Төрөл садангаа орхин нутгаасаа гарч, миний зааж өгөх нутагт оч» гэжээ. Хаана очихыг нь хэлээгүй ч замыг нь зааж өгөхөө амласан. Юутай ч Абрахам төрсөн нутаг, төрөл садангаа орхих ёстой байлаа. Тэр үеийн Ойрх Дорнодын ард түмэн гэр бүлсэг хүмүүс байв. Тиймд гэр бүлийнхнээсээ хол амьдарснаас үхсэн нь дээр гэж үздэг байжээ.

10. Ур хотоос явах нь Абрахам Сара хоёрт яагаад амархан байгаагүй вэ?

10 Нутаг орноо орхих нь Абрахамд тийм ч амар байгаагүй. Ур хот цэцэглэн хөгжсөн, их хөлийн газар байв (« Абрахам Сара хоёрын орхиж явсан хот» гэсэн хавсралтыг үзээрэй). Ард иргэд нь тохилог байшинд суудаг байжээ. Зарим нь арван хэдэн өрөөтэй, үнэт чулуу шигтгэсэн  шалтай, усан оргилууртай, боловсон жорлонтой, бохирын шугамтай байсныг малтлагаар илрүүлжээ. Ийм хотоос явах нь 70-тай Абрахам, 60-тай Сарад бүр ч амаргүй байсан байж таарна. Абрахам халамжтай нөхөр болохоор нас ахиж яваа эхнэрээ тохь тухтай, тайван амгалан амьдруулахыг хүссэн нь эргэлзээгүй. Тиймээс нүүх талаар эхнэртэйгээ илэн далангүй ярилцсан биз ээ. Сара тохь тухтай гэр орноо орхиход бэлэн байгааг мэдээд Абрахам ямар их баярласан бол оо!

11, 12. а) Ур хотоос нүүхдээ юу шийдэх хэрэгтэй болсон бэ? б) Замд гарсан өдрийг дүрсэлнэ үү.

11 Абрахам Сара хоёр нүүхээр шийдээд холын аянд гарах бэлтгэлээ базааж эхлэв. Шийдэх юм олон байв. Ямар газар очихоо мэдэхгүй тул юугаа авч явж, юугаа үлдээх вэ? Бас ойр дотнын хүмүүс, ялангуяа нас дээр гарсан эцэг Терагаа яах вэ? Тэд эцгээ авч явж нас бартал нь харж хандахаар шийджээ. Эцэг нь ч дуртайяа явахаар болж, хиймэл шүтээн шүтэхээ больсон бололтой. Тиймээс гэр бүлээ аваад Ур хотоос нүүсэн нь Тера гэж Библид бичсэн байдаг. Абрахамын ач дүү Лот ч тэдэнтэй явжээ (Эх. 11:31).

12 Аян замд гарах өдөр боллоо. Хотын хэрэмний гадна ачаа тэгнэсэн тэмээ, илжигнүүдээ зогсоож, мал сүргээ бөөгнүүлсэн байв. * Жингийн цуваа хөдлөхөд бэлэн болжээ. Зарц шивэгчин гээд бүх хүн Абрахамыг харан сэтгэл догдлон зогсоно. Абрахам дохио өгөхөд жингийн цуваа Ур хотоос хөдөллөө.

13. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид Абрахам Сара хоёрыг яаж дуурайдаг вэ?

13 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид ч дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очдог. Зарим нь үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд гадаад хэл сурдаг. Дадаж дасаагүй шинэ аргаар дэлгэрүүлдэг хүмүүс ч бий. Энэ бүхэн амархан биш ээ. Абрахам Сара хоёрыг дуурайн хувийн эрх ашгаа хойш тавьдаг итгэл нэгтнүүдээ магтууштай. Хэрэв бид тэдэн шиг сэтгэл гаргавал Еховад зориулснаасаа хавьгүй ихийг хүлээж авна. Ехова бат итгэлтэй үйлчлэгчээ заавал шагнана (Евр. 6:10; 11:6). Абрахамыг шагнасан болов уу?

 Евфрат мөрнийг гаталсан нь

14, 15. Ураас Харан хүртэлх аялал ямар байсан бэ? Абрахамынхан яагаад Харанд түр суурьшихаар болсон бэ?

14 Аялал үргэлжилсээр. Абрахам Сара хоёр ихэнхдээ тэмээгээ унана, заримдаа алхана. Энэ тэрийг ярьж хөөрөн газар хорооно. Анх удаа аялж байгаа ч майхан барьж, буулгаж сурчээ. Өндөр настай эцгээ илжиг юм уу тэмээн дээр зөөлөн мордуулж, үе үе суудлыг нь засна. Жингийн цуваа Евфрат мөрний эрэг даган баруун хойд зүг явна. Өдөр хоног урсан өнгөрч байлаа.

15 Тэд 1 000-аад километр газар аялсны эцэст хөгжин цэцэглэж буй Харан хотод ирлээ. Харан бол өрнө дорныг холбосон худалдааны хот байв. Хүмүүс нь зөгийн үүр шиг хэлбэртэй байранд амьдарна. Абрахамынхан Харанд түр суурьшихаар болов. Учир нь Тера замын ая даахгүй байсан бололтой.

16, 17. а) Абрахам ямар амлалт сонсоод сэтгэл нь хөдөлсөн бэ? б) Харанд байхад нь Ехова Абрахамыг хэрхэн ивээсэн бэ?

16 Тера 205 насандаа таалал төгсжээ (Эх. 11:32). Шаналж гашуудсан үед нь Еховаг ярихад Абрахам хэчнээн их  тайвширсан бол оо! Бурхан Ур хотод өгсөн амлалтаа сануулж, нарийн ширийн зүйлийг хэлж өгөв. Абрахам «агуу үндэстэн» болж «дэлхий дээрх бүх үндэстэн» түүгээр дамжуулан ивээл хүртэнэ гэжээ (Эхлэл 12:2, 3-ыг уншина). Бурхны амлалтыг сонсоод сэтгэл нь хөдөлсөн Абрахам Харанаас явах ёстойгоо ойлгожээ.

17 Энэ удаа аян замын бэлтгэлээ базаахад өмнөхөөсөө их хугацаа хэрэгтэй байлаа. Яагаад гэвэл Ехова Абрахамыг Харанд байхад нь баян чинээлэг болгов. «Цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ» гэж Библид байдаг (Эх. 12:5). Агуу үндэстний өвөг эцэг болох учраас Абрахамд өнөр бүл, зарц шивэгчид, эд хөрөнгө зайлшгүй хэрэгтэй байлаа. Ехова үйлчлэгчдээ дандаа эд хөрөнгөтэй болгодоггүй ч хүсэл тааллыг нь биелүүлэхэд юу шаардлагатай байна, тэр бүхнээр хангадаг. Абрахамын жингийн цуваа аян замдаа гарлаа. Хаана очихыг нь Бурхан л мэдэж байв.

Абрахам Сара хоёр цэцэглэн хөгжсөн Ур хотоос нүүгээд янз бүрийн бэрхшээл үзсэн

18. а) Бурхны ард түмний түүхэн дэх чухал үйл явдал хэзээ болсон бэ? б) Хожим нь Нисан сарын 14-нд өөр ямар чухал үйл явдал болсон бэ? (« Түүхэн дэх чухал өдөр» гэсэн хавсралтыг үзээрэй).

18 Харанаас хэдэн өдөр явбал Кархемиш гэдэг газар бий. Энд жингийн цуваанууд Евфратыг гаталдаг байжээ. Бурхны ард түмний түүхэн дэх чухал үйл явдал энд болсон бололтой. Абрахамынхан МЭӨ 1943 оны Нисан сарын 14-нд Евфрат мөрнийг гаталжээ (Ег. 12:40–43). Еховагийн Абрахамтай байгуулсан гэрээ тэр өдөр хүчин төгөлдөр болсон юм. Абрахамд өгнө гэж Еховагийн амласан нутаг өмнө зүгт байлаа.

19. Ехова Абрахамд ямар амлалт өгсөн бэ? Абрахам юу санасан байж болох вэ?

19 Абрахамын жингийн цуваа өмнө зүг рүү хөдөлж Шехемийн ойролцоох Морегийн царс модны дэргэд буудаллажээ. Ехова Абрахамтай дахин ярьж, үр хүүхэдтэй нь холбоотой амлалт өгөв. Үр хүүхэд нь энэ нутгийг эзэмших ажээ. Абрахам үр хүүхэд гэж сонсоод  Еден цэцэрлэгт Еховагийн зөгнөсөн, хүн төрөлхтнийг аврах үрийг санасан болов уу? (Эх. 3:15; 12:7). Тийм ч байж болох юм. Тэрээр Еховагийн санаа зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах учиртайгаа тэр үед ойлгосон биз ээ.

20. Өөрт нь хүндтэй завшаан өгсөн Еховад талархдагаа Абрахам хэрхэн илэрхийлсэн бэ?

20 Хүндтэй завшаан өгсөнд нь Абрахам Еховад гүнээ талархдаг байсан. Тэрээр канаанчуудын нутгаар явж байсан ч үе үе зогсож Бурхандаа зориулан тахилын ширээ босгожээ. Эхлээд Морегийн царс модны дэргэд, дараа нь Бетелийн ойролцоо тахил өргөсөн. Абрахам үр хүүхдийнхээ ирээдүйг эргэцүүлэн бодоод Ехова Бурхандаа талархлаа илэрхийлж нэрийг нь дууджээ. Түүнчлэн канаанчуудад дэлгэрүүлдэг байсан бололтой (Эхлэл 12:7, 8-ыг уншина). Абрахамын амьдралд итгэлийг нь сорьсон олон сорилт тулгарсан. Тэглээ гээд Ур хотод орхисон тохилог гэр орноо үгүйлээгүй. Харин Еховагийн амлалтыг голлон анхаарч байв. «Бурхны зохион бүтээж, барьж байгуулсан, жинхэнэ суурьтай хотыг тэрээр хүлээж байв» гэж Еврей 11:10-т бичжээ.

21. Бурхны Хаант төрийн тухай бидний мэдлэгийг Абрахамынхтай харьцуулбал ямар вэ? Та яахаар шийдсэн бэ?

21 Еховагийн үйлчлэгчид бид «жинхэнэ суурьтай хот» буюу Бурхны Хаант төрийн талаар Абрахамаас хавьгүй ихийг мэддэг билээ. Хаант төр тэнгэрт байгуулагдаж, Абрахамд амласан үр болох Есүс Христ Хаан нь болсныг мэддэг. Хаант төр Сатаны ертөнцийг удахгүй устгахыг бид тэсэн ядан хүлээдэг. Абрахам Бурхны санаа зорилгыг бүдэг бадаг мэддэг байсан. Гэхдээ диваажин дэлхийд амилаад тодорхой ойлгоно. Тэр цагийг үзэх хэчнээн сайхан байх бол оо! Ехова амласан бүхнээ биелүүлэхийг та үзмээр байна уу? Тийм бол Абрахамыг цаашдаа ч дуурайгаарай. Эрх ашгаа хойш тавин, дуулгавартай байж, Еховагаас авсан үүрэг даалгавраа дуртайяа биелүүлж, талархлаа илэрхийлж байгаарай. Ингэдэг бол «итгэдэг ... бүх хүний эцэг болсон» Абрахам таны ч эцэг болно!

^ д/м 1 Энэ үед Абрахамыг Абрам гэдэг байжээ. Бурхан хожим нь түүний нэрийг Абрахам болгон өөрчилсөн. Энэ нь «тоо томшгүй олон үндэстний өвөг» гэсэн утгатай (Эх. 17:5).

^ д/м 4 Үүнтэй адилаар Абрахам ууган хүү нь биш боловч Терагийн хөвгүүдийг дурдахдаа түүнийг эхэнд хэлдэг.

^ д/м 6 Энэ үед Сараг Сараи гэдэг байжээ. Бурхан хожим нь түүний нэрийг Сара болгон өөрчилсөн. Энэ нь «гүнж» гэсэн утгатай (Эх. 17:15).

^ д/м 12 Абрахамын үед тэмээг гаршуулаагүй байсан гэж зарим эрдэмтэн үздэг. Гэхдээ ингэж үзэх үндэс байхгүй. Абрахам тэмээн сүрэгтэй байсныг Библид хэд хэдэн удаа тэмдэглэсэн байдаг (Эх. 12:16; 24:35).