Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би болзоонд явахад бэлэн үү?

Би болзоонд явахад бэлэн үү?
  • Үерхэх, болзох гэж юу гэсэн үг вэ?

  • Үерхлийн зорилго юу вэ?

  • Би үерхэх насанд хүрсэн үү?

  • Яагаад яарах хэрэггүй вэ?

Үерхэх, болзох гэж юу гэсэн үг вэ?

  • Эсрэг хүйсийн хүнтэй чи байнга хамт явдаг бол үерхэж байна гэсэн үг үү?

  • Та хоёр бие биедээ таалагддаг. Чи түүн рүү өдөрт хэд хэдэн удаа мессеж бичиж, утсаар ярьдаг бол үерхэж байна гэсэн үг үү?

  • Найзуудаараа нийлэх болгондоо чи эсрэг хүйсийн нэг хүнтэй хамт байдаг бол үерхэж байна гэсэн үг үү?

Чи эхний асуултад ядах юмгүй хариулах байх. Харин хоёр, гурав дахь асуултыг жаахан бодож магадгүй. Тэгвэл үерхэнэ гэж яг яана гэсэн үг вэ?

Бие биедээ дурласан хоёр, болзон цагийг хамт өнгөрөөж, үдэшлэг уулзалтад очихыг хэлнэ.

Дээрх гурван асуултын гурвууланд нь тийм гэж хариулна. Та хоёр утсаар ярих юм уу бусдаас далдуур эсвэл олны дунд уулздаг, бие биедээ сэтгэлтэй, байнга харилцдаг бол үерхэж байна гэсэн үг.

Үерхлийн зорилго юу вэ?

Зорилготой байж л үерхэх учиртай. Гэрлэх эсэхээ шийдэх зорилгоор хос хоёр үерхдэг.

Харамсалтай нь үеийнхнээс чинь зарим нь энэ асуудалд хөнгөн хуумгай ханддаг. Тэд эсрэг хүйсийн хүнтэй дандаа хамт байх сайхан байдаг болохоор гэрлэх зорилгогүй үерхдэг байж болох юм. Тэр ч байтугай зарим нь үерхдэг хүнээ бусдад гайхуулах медаль төдийхнөөр үздэг.

Ийм харилцаа удаан үргэлжлэхгүй. «Хүүхэд залуус нэг юм уу хоёр долоо хоног үерхээд больдог. Тэдний харилцаа түр зуурынх байдаг. Гэрлэлтэд биш, салалтад бэлддэг гэх үү дээ» гэж Хийдэр гэдэг охин ярьсан юм.

Хэрэв чи хэн нэгэнтэй үерхэж байгаа бол үүндээ хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хүний сэтгэл зүрхтэй холбоотой асуудал гэдгийг санаарай. Үнэн сэтгэлээсээ хандаарай (Лук 6:31).

Гэрлэх зорилгогүйгээр үерхдэг бол шинэ тоглоомоосоо уйдаад хаядаг хүүхэд шиг загнаж байна гэсэн үг

Бодоорой: Чи зүрх сэтгэлээрээ тоглуулахыг хүсэхгүй биз дээ? Хүүхэд шинэ тоглоом аваад удалгүй уйддаг. Чи тийм тоглоом болохыг хүсэхгүй нь лав. Тэгвэл хүнд тэгж хандаж болно гэж үү? Хайр «зохисгүй авирладаггүй» гэж Библид байдаг (1 Коринт 13:4, 5).

Чилси гэдэг охин: «Би үерхлийг зүгээр л зугаа гэж бодох гээд байдаг. Гэхдээ энэ бол зугаа биш ээ. Нэг нь үнэн сэтгэлээсээ хандаж байхад нөгөө нь тийм биш байж болохгүй» гэж хэлжээ.

Зөвлөгөө: Үерхэх, гэрлэх тухай бодохоосоо өмнө 2 Петр 1:5–7-г уншиж, хөгжүүлэх хэрэгтэй нэг зан чанарыг сонгож аваарай. Сарын хугацаанд тэр зан чанарын талаар юу мэдэж авсан, яаж илэрхийлснээ шалгаарай.

Би үерхэх насанд хүрсэн үү?

  •  Чи юу гэж бодож байна вэ? Хэдэн нас хүрээд үерхэж болох вэ?

  •  Аав ээж хоёрынхоо хэн нэгнээс бас дээрх асуултыг асуугаарай.

Чиний хариулт, аав ээжийнхээс чинь өөр байж болох юм. Эсвэл адилхан ч байж магадгүй! Өөрийгөө сайн таньж мэддэг болох насанд хүртлээ үерхдэггүй залуучууд олон байдаг. Чи бас тэдний нэг нь байж болох юм.

17 настай Даниелле ийм шийдвэр гаргажээ. «Үерхэх хүндээ тавих миний болзол хоёр жилийн өмнөхөөс шал өөр болсон. Одоо ч гэсэн ийм шийдвэр гаргахад би өөртөө эрддэггүй. Миний зан чанар хэдэн жил тогтвортой болсон цагт би үерхэх тухай бодно».

Хүлээх ёстойн бас нэг шалтгаан. Библид «насанд хүртлээ» буюу бэлгийн дур хүсэл хүчтэй оргилдог үеэ өнгөртөл хүлээхийг уриалдаг (1 Коринт 7:36). Чи ийм насанд хүрээгүй мөртлөө эсрэг хүйсийн хүнтэй дотно байдаг бол идэр насны хүслээ өөгшүүлж буруу юм хийхэд хүрч болзошгүй.

Үеийн чинь хүүхдүүд хүлээхийг чухалд үзэхгүй байж болох юм. Олон хүүхэд бэлгийн харьцаанд орж үзэхийг их хүсэж байж магадгүй. Гэхдээ чи ийм үзэл бодолд автахгүй байж чадна. Тэгэх ч ёстой! (Ром 12:2). «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэж Библи сануулдаг (1 Коринт 6:18). «Насанд хүртлээ» хүлээвэл «биеийн шаналлаас зайлж» чадна (Номлогчийн үгс 11:10).

Яагаад яарах хэрэггүй вэ?

Бэлэн биш мөртлөө үерхэх гэж яарах нь үзээгүй хичээлээрээ шалгалт өгч байгаатай адил. Ингэх нь шударга бус биз дээ! Шалгалтаа сайн өгөхийн тулд тухайн хичээлээ сайтар давтсан байх хэрэгтэй. Тэгвэл ямар ч асуулт ирсэн, шалгалтдаа унахгүй.

Үерхэх нь үүнтэй адил.

Үерхэх асуудалд нухацтай хандах учиртай. Тэгэхлээр хэн нэгэнтэй үерхэхээсээ өмнө цаг гаргаад нэг чухал «хичээл» үзэх хэрэгтэй. Энэ нь бусадтай нөхөрлөх юм.

Хожим нь чи тохирох хүнтэйгээ учирлаа гэхэд түүнтэйгээ бат бөх харьцаатай байх болно. Хоёулаа сайн найз байж л сайн хань болж чадна.

Үерхэх гэж яарахгүй байх нь чиний эрх чөлөөг боогдуулж буй хэрэг огт биш. Харин ч «идэр насандаа баярлаж» эрх чөлөө эдлэх боломж илүү их байна гэсэн үг (Номлогчийн үгс 11:9). Энэ цагийг ашиглаад өөрийгөө бэлдэж, зан чанараа төлөвшүүлж, Бурхантай улам дотно болоорой (Иеремиагийн гашуудал 3:27).

Цаг нь болохоор чи эсрэг хүйсийн хүнтэй үерхэж болно. Үерхэхээр бол яах хэрэгтэй вэ? Болзож цагийг хамт өнгөрөөхөөр бол хүмүүсийг, бас харж хянах хэн нэгнийг байлцуулаарай. Тамми гэдэг охин: «Ингэж уулзах нь сайн байдаг. Олон найзтайгаа хамт байвал бүр сайн» гэж хэлсэн юм. Моника бас «Олуулаа цуглах нээрээ сайхан. Янз янзын зан чанартай хүмүүстэй цагаа өнгөрөөнө шүү дээ» гэж хэлжээ.

Нөгөөтээгүүр, цагаасаа эрт хүнтэй үерхвэл өөрийгөө л зовооно. Тиймээс битгий яараарай. Хүлээх зуураа хүнтэй найзалж нөхөрлөж сураарай. Хожим нь үерхэхээр болсон үедээ чи өөрийгөө ч сайн таньсан байна, ямар хүн чамд тохирохыг ч мэддэг болсон байна.