ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ГЭРЛЭЛТ
Гэрлэхээсээ өмнө хамт амьдарч үзсэн нь дээр үү?
Гэрлэхээсээ өмнө нэг гэрт ордог хосууд олон байдаг. Ингэх нь таарч тохирох эсэхээ мэдэхэд, бас жаргалтай гэр бүл болоход тустай гэж зарим нь боддог. Гэрлэхээсээ өмнө хамт амьдрах нь ухаалаг хэрэг мөн үү?
Энэ өгүүлэлд:
Библид юу гэж байдаг вэ?
Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг Библид буруушаадаг. Жишээ нь «Садар самуун явдлыг цээрлэ» гэжээ (1 Тесалоник 4:3; 1 Коринт 6:18). Садар самуун явдал гэдэгт хожим нь гэрлэх бодолтойгоор хамт амьдарч буй хосуудын бэлгийн харьцаа ч ордог. Библийн хэм хэмжээг дагавал гэр бүл болоогүй байхдаа жирэмсэн болох зэрэг муу үр дагавар амсахгүй.
Гэрлэлтийг Бурхан санаачилсан. Тэрбээр анхны хосод «Эр хүн эцэг эхээ орхиж эхнэртэйгээ нийлээд нэг бие болно» хэмээн айлдсан (Эхлэл 2:24). Гэрлэлтийн тангаргаа биелүүлэх нь жаргалтай, тогтвортой айл гэр болохын эхлэл юм.
Гэр бүл болохдоо бэлдэхэд тус болдог уу?
Зарим хүн тэгж боддог. Хамт гэр орныхоо ажлыг хийж, амьдралын ямар хэвшилтэйг нь мэдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ жаргалтай амьдаръя гэвэл гэрлэлтийн тангараг өргөх нь амин чухал.
Хосууд ямар ч үед нэг бие шиг байхын тулд яах вэ? Хүсвэл хоёр тийшээ болно гэж бодоод «туршилтаар» нэг гэрт орох нь тус болохгүй. Харин нэг нэгэндээ чин үнэнч байхаар бат шийдэж бэрхшээлийг хамтдаа даван туулдаг бол харилцаа батажна.
Хамгийн гол нь: Гэрлэхгүйгээр хамт амьдрах нь гэр бүл болохдоо бэлдэж байгаа биш, харин салахад бэлдэж байгаа гэхэд хилсдэхгүй.
Библийн зарчим: «Хүн юу тарьснаа хурааж авдаг» (Галат 6:7).
Мөнгө төгрөгөө хэмнэх үү?
Зарим хүн тэгж боддог. Пью судалгааны төвөөс гаргасан судалгаагаар, АНУ-д хамтран амьдарч эхэлсэн хосуудын арван хүн тутмын дөрөв нь мөнгөө хэмнэх зорилгоор ийм шийдвэр гаргадаг ажээ. Гэхдээ хэсэг хугацаанд хамт амьдарсныхаа дараа, гэрлэхэд бэлэн биш байгаа гол шалтгаанаа санхүүгийн асуудал гэж судалгаанд оролцогчдын олонх нь хэлжээ.
Гэрлэхээсээ өмнө хамт амьдрах нь өөр олон муу үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүд хохирдог. Жишээ нь салсны дараа гол төлөв эмэгтэй нь хүүхдээ өсгөхөөр болдог.
Хамгийн гол нь: Хамтран амьдрах нь сайн гэхээсээ илүү муу тал ихтэй.
Библийн зарчим: «Ехова би бол чиний Бурхан. Би чамд тустайг сургадаг» (Исаиа 48:17).
Тохирохгүй хүнтэй гэрлэхээс сэргийлж чадах уу?
Зарим хүн тийм гэж боддог. Гэхдээ нэг номд «Гэрлэхээсээ өмнө хамт амьдрах нь салж чадахгүй байдалд хүргэдгийг ихэнх хүн мэддэггүй» гэжээ. Яагаад ийм байдалд хүрдэг вэ? Зарим хос үнэхээр таарч тохирохгүй гэдгээ ойлгодог. Гэсэн хэдий ч төлөвлөөгүй жирэмслэлт юм уу байрны түрээс, лизинг эсвэл бүр гэрийн тэжээвэр амьтан зэргээсээ болж дасаж дадсан амьдралаа өөрчлөх аргагүйд хүрч хамт амьдарсаар байдаг. Үүнийг судлаачид «инерцээрээ явах» a гэж хэлдэг. Дээрх номд «Салах байсан хосууд хамт амьдрах нь илүү амар гэсэн шалтгаанаар гэрлэчихдэг» гэж тайлбарлажээ.
Хамгийн гол нь: Хамтран амьдрах нь зөв шийдвэр гаргахад тус болох нь байтугай тохирохгүй хүнээсээ салахад улам хэцүү байдалд хүргэдэг.
Библийн зарчим: «Хэрсүү хүн аюулыг олж хараад зугтдаг бол, гэнэн хүн угтан явсаар горыг нь амсдаг» (Сургаалт үгс 22:3).
Яавал дээр вэ?
Гэрлэхээсээ өмнө хамт амьдарч муу үр дагаврыг нь амсалгүй, жаргалтай гэр бүлийг цогцлоох боломжтой. Яаж? Гэрлэлтийн талаарх Библийн хэм хэмжээг дагаарай. Гэрлээд нэг гэрт орохоосоо өмнө хангалттай цаг гарган нөгөө хүнээ сайн мэдэж аваарай. Хань болох хүнээ бэлгийн дур хүсэлдээ хөтлөгдөөд бус, эрхэмлэдэг зүйл, итгэл үнэмшил зэргийг нь харгалзан үзэж сонгох нь маш чухал.
Жаргалтай, бат бөх гэр бүлийг бий болгоход тустай зөвлөгөөнүүд Библид байдаг. b Жишээ нь:
ханиа хуурахгүй байх
сайн хань болох
үерхэж байхдаа хоорондоо тохирох эсэхээ мэдэж авахад тус болох зарчмууд бий.
Илүү ихийг мэдэж авъя гэвэл jw.org сайтын «Эхнэр нөхөр ба гэр бүл» гэсэн хэсгийг үзээрэй.
Библийн зарчим: «Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах[ад] тустай» (2 Тимот 3:16).
a «Гэр бүлийн харилцаа» («Family Relations») сэтгүүлд нийтлэгдсэн, Скотт М. Стэйнли, Галена Клин Рөүдз, Ховард Ж. Маркмэн нарын бичсэн «Энэ хэвээрээ байх уу эсвэл шийдвэр гаргах уу?: Инерц ба гэрлэхээс өмнөх хамтын амьдралын нөлөө» өгүүллээс авав.
b Зарим оронд, хүүхдэдээ хань болох хүнийг эцэг эх нь сонгож өгөх заншил байдаг. Ийм тохиолдолд, ямар хүнийг сонгохоо шийдэхэд нь эцэг эхчүүдэд Библи тустай.

