СУДРЫН ТАЙЛБАР
Иеремиа 29:11—«Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэд[нэ]»
«Ехова a ингэж тунхаглаж байна. “Би та нарын төлөө хийх гэж байгаа юмаа сайн мэдэж байна. Би та нарт гай зовлонг биш, амар тайвныг өгнө. Тэгснээр та нар сайхан ирээдүйтэй гэдэгтээ итгэж болно”»—Иеремиа 29:11, «Шинэ ертөнц» орчуулга
«“Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна»—Иеремиа 29:11, АББН 2004
Иеремиа 29:11 ямар утгатай вэ?
Ехова Бурхан үйлчлэгчдэдээ амар тайван ирээдүйг амласан. Энэ үгс эрт дээр үед бичигдсэн хэдий ч Бурхны санаа зорилго өнөө үед ч хэвээрээ гэдгийг илэрхийлдэг. Тэрбээр «найдвар хайрладаг Бурхан» билээ (Ром 15:13). Ехова ийм амлалтуудыг Библид бичүүлсэн нь биднийг ирээдүйн сайхан «найдвар өвөрлөж» яваасай гэснийх юм (Ром 15:4).
Иеремиа 29:11-ийн хам сэдэв
Энэхүү үгс нь Иерусалимаас олзлогдон Вавилон руу хүргэгдсэн израйлчуудад илгээсэн захидлын хэсэг юм b (Иеремиа 29:1). Израйлчууд цөллөгт удаан хугацаагаар байх тул байшин барьж, жимс ногоо тарьж, гэр бүлтэй болж өнөр өтгөн бол хэмээн Бурхан тэдэнд хэлжээ (Иеремиа 29:4–9). Мөн «Вавилонд 70 жил болсны чинь дараа би та нарыг анхаарч, [Иерусалимд] буцааж авчирна гэсэн амлалтаа биелүүлнэ» хэмээн хэлсэн (Иеремиа 29:10). Ийнхүү Бурхан тэднийг мартахгүй гэдгээ мөн Иерусалим руу буцах найдвар нь биелнэ гэдгийг баталсан юм (Иеремиа 31:16, 17).
Бурхан израйлчуудад амласан амлалтаа биелүүлсэн билээ. Зөгнөлийн дагуу Персийн хаан Кореш Вавилоныг эзэлсэн (Исаиа 45:1, 2; Иеремиа 51:30–32). Кореш иудейчүүдийг төрөлх нутаг руу нь буцаадаг. Ийнхүү тэд цөллөгөөс 70 жилийн дараа Иерусалимдаа буцан ирсэн юм (Шастирын дэд 36:20–23; Езра 3:1).
Иеремиа 29:11-д бичигдсэн Бурхны амлалт биелсэн нь ирээдүйн талаарх амлалтууд нь ч биелнэ гэдэгт итгэх итгэлийг батжуулдаг. Есүс тэргүүтэй Бурхны Хаант төр дэлхий дахинаа амар тайвныг тогтооно хэмээсэн нь ч Бурхны амлалтуудын нэг юм (Дуулал 37:10, 11, 29; Исаиа 55:11; Матай 6:10).
Иеремиа 29:11-ийн талаарх буруу ойлголт
Буруу ойлголт: Бурхан хүн бүрд зориулан тодорхой «төлөвлөгөө» гаргасан байдаг.
Үнэндээ бол, Бурхан хүн бүрд хэрхэн амьдрахаа сонгох эрх чөлөөг хайрласан юм. Иеремиа 29:11 нь Вавилонд байсан израйлчуудад нийтэд нь хандаж хэлсэн Бурхны үг бөгөөд тэрбээр тэднийг ирээдүйд амар тайван амьдраасай хэмээн хүсжээ (Иеремиа 29:4). Гэхдээ Бурхны амлалтаас ач тус хүртэх эсэх нь хүн нэг бүрийн өөрийнх нь сонголтоос хамаарах байлаа (Дэд хууль 30:19, 20; Иеремиа 29:32). Бурхныг эрж хайхыг сонгосон хүмүүс түүнд чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй байсан (Иеремиа 29:12, 13).
Иеремиа 29-р бүлэг болон зүүлт, тайлбаруудыг нь уншиж үзээрэй.
a Ехова гэдэг нь Бурхны нэр юм (Дуулал 83:18, 1838 оны орчуулга).
b Иеремиа 29:11-ийн талаар нэгэн лавлахад «Үүнээс илүү гайхалтай сайхан амлалтыг Библиэс олоход амаргүй билээ. Энэ нь Яавэ [Ехова] олзлогдогсдыг өрөвдөн энэрч байгаагаа илэрхийлэн тэдэнд ирээдүйгээ өөдрөгөөр харж, найдвар өвөрлөх шалтгааныг мэдүүлсэн хэрэг байлаа» гэж бичжээ (The Expositor’s Bible Commentary, VII боть, хуудас 360).

