Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Баптисм гэж юу вэ?

Баптисм гэж юу вэ?

Библийн хариу

Хүнийг бүх биеэр нь усанд шумбуулаад гаргаж ирэхийг баптисм хүртээж байна гэж хэлдэг. * Тийм учраас Есүс голд баптисм хүртсэн (Матай 3:13, 16). Бас етиоп хүн «устай газар» хараад баптисм хүртэхийг гуйсан байдаг (Үйлс 8:36–40).

Баптисмын утга учир

Баптисмыг Библид оршуулахтай зүйрлэдэг (Ром 6:4; Колосай 2:12). Усанд шумбаад гарч ирж байгаа нь урьдын амьдралын хэв маягаа бүрмөсөн орхиж буюу оршуулж, Бурханд амь амьдралаа зориулсан шинэ хүн болсныг бэлгэдэн харуулдаг. Баптисм хүртэх нь Бурхны бий болгосон чухал арга хэмжээ юм. Баптисм хүртэх хүн тодорхой алхам хийж, Есүсийн золиост итгэснээрээ Бурхантай сайн харьцаатай болдог (1 Петр 3:21). Тийм учраас Есүс шавь нартаа баптисм хүртэхийг тушаасан байдаг (Матай 28:19, 20).

Баптисм хүртвэл нүглээс ангижрах уу?

Үгүй. Есүсийн асгаруулсан цус л хүний нүглийг арилгадаг гэж Библид тодорхой хэлсэн байдаг (Ром 5:8, 9; 1 Ёохан 1:7). Есүсийн асгаруулсан цусны үнэ цэнийг хүртэхийн тулд Есүст итгэдгээ үйл хэргээрээ харуулах учиртай. Бас заасан сургаалынх нь дагуу амьдрахын тулд өөрчлөгдөж, баптисм хүртэх ёстой (Үйлс 2:38; 3:19).

Загалмайлах ёслол гэж юу вэ?

Загалмайлах ёслолын тухай Библид байдаггүй. Энэ нь зарим сүмийн үйлддэг ёслол юм. Хүүхдийг төрсний дараа «адислаж» (хүүхдийн толгой дээр ус дусаах буюу ус асгадаг) нэр өгдөг зан үйл юм.

Нялх балчир хүүхдэд баптисм хүртээх нь Библийн сургаал мөн үү?

Библид ийм сургаал байдаггүй. Баптисм хүртэх хүн «Бурхны Хаант төрийн» тухай сайн мэдээг ойлгож, хүлээж авах ёстой (Үйлс 8:12). Ингэхийн тулд Бурхны үгийг сонсож, сонссоноо хүлээн авч, нүглээ гэмших учиртай. Үүнийг нялх хүүхэд хийж чадна гэж үү? (Үйлс 2:22, 38, 41).

Түүнээс гадна, эцэг эх нь Бурханд итгэдэг бол Бурхан үр хүүхдийг нь ариун гэж үздэгийг Библид бичсэн байдаг (1 Коринт 7:14). Хэрэв нялх хүүхэд баптисм хүртдэг байсан бол эцэг эхээр нь дамжуулаад ариун гэж үзэх шаардлага байхгүй биз дээ? *

Баптисмын талаарх буруу ташаа ойлголт

Буруу ташаа ойлголт: Баптисм хүртэхийн тулд заавал бүтэн биеэрээ усанд шумбах хэрэггүй. Толгой дээр нь ус дусаах юм уу ус асгавал хангалттай.

Үнэндээ бол: Усанд шумбахаас өөрөөр баптисм хүртсэн хүний тухай Библид байдаггүй. Жишээлбэл Христийн шавь Филип нэгэн етиоп хүнд баптисм хүртээхдээ хоёулаа ус руу орсныг, дараа нь уснаас гарсныг Библид тэмдэглэсэн байдаг (Үйлс 8:36–39).  *

Буруу ташаа ойлголт: Гэр бүлээрээ баптисм хүртсэн тухай Библид байдаг учраас нялх хүүхэд нь бас баптисм хүртсэн гэсэн үг. Жишээлбэл Филиппой хотод амьдардаг шоронгийн хуяг «гэрийнхэнтэйгээ» баптисм хүртсэн тухай Библид гардаг (Үйлс 16:31–34).

Үнэндээ бол: Гэр бүлээрээ баптисм хүртсэн шоронгийн хуягийн тухай гардаг үйл явдлыг үзвэл тэднийхэн «Еховагийн үгийг» ойлгож, «ихэд баярлав» гэж байдаг (Үйлс 16:32, 34). Эндээс үзвэл нялх хүүхэд баптисм хүртээгүй нь тодорхой байна. Яагаад гэвэл нялх хүүхэд Ехова Бурхны үгийг ойлгож чадахгүй шүү дээ.

Буруу ташаа ойлголт: «Тэнгэрийн Хаант төр энэ хүүхдүүд шиг хүмүүсийнх юм» гэж Есүс заахдаа нялх хүүхэд баптисм хүртдэгийг хэлсэн (Матай 19:13–15; Марк 10:13–16).

Үнэндээ бол: Дээрх үгийг хэлэхдээ баптисмын тухай яриагүй. Харин Хаант төрийн иргэн болохын тулд хүүхэд шиг даруу, дуртайяа заалгах хүсэлтэй байх ёстойг шавь нартаа тайлбарлаж байсан (Матай 18:4; Лук 18:16, 17).

^ д/м 3 Баптисм гэж орчуулдаг грек үг «дүрэх» гэсэн язгуур үгнээс үүсдэг («Theological Dictionary of the New Testament» 1-р боть, 529-р хуудас).

^ д/м 12 Нэгэн нэвтэрхий тольд бичсэнээр, «Нялх балчир хүүхдэд баптисм хүртээх ёслолын тухай Шинэ Гэрээнд гардаггүй». Бас энэ ёслол нь «баптисмын үнэ цэнийг хэт үнэлсэн буруу ойлголтоос» үүдэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл баптисм хүртвэл нүглээс ангижирдаг гэж буруу ойлгосонтой холбоотой («The International Standard Bible Encyclopedia» 1-р боть, 416, 417-р хуудас).

^ д/м 15 «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-ны «Баптисм (Библийн)» гэдэг гарчгийн доор ийн бичжээ. «Сүм хийдийн түүхийн эхэн үед хүн бүх биеэрээ усанд шумбаж баптисм хүртдэг байсан нь тодорхой байна» (2-р боть, 59-р хуудас).